Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний хоёр өдрийн сонсголоос зээл олголтын процесс болон зээлийн авсан аж ахуйн нэгжүүд зориулалтын бусаар хэрхэн зарцуулж байсныг баримтаар харж байна. Энэ сонсголтой зэрэгцээд Хөгжлийн банкны 87 хүний хэрэг шүүх рүү шилжлээ.
Одоо шүүхийг хэрхэн үнэн зөв, шударга, гол нь шуурхай ажиллахыг хамтдаа харах л үлдээд байгаа юм. Юун түрүүнд шүүх хурлуудыг хэвлэл олон нийтэд нээлттэй байдлаар явуулахыг шүүхээс шаардах нь зүйтэй.
Үнэндээ энэ олон авлига, хулгайн асуудалд хуулийн байгууллагуудад итгэхэд хүнд, бас бэрх байна. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкны хэргээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний, түүний дор хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Ренчиндорж гурвын хэргийг "суйлчихсан" байх жишээний.
Үүнийгээ прокурорын байгууллагаас АТГ руугаа чихэж байна лээ. Ер нь хуулийнхны гаргасан гол нугалаа нь Хөгжлийн банкны хэргүүдийг нэгдсэн журмаар “боогоод” шийдэхгүй тус тусад нь ялгаж хэрэг үүсгэсэн нь иймэрхүү тусгаарлах, үлдээх боломжийг үлдээж буй юм. Зөвхөн энэ кейс л Хөгжлийн банк болон бусад авлига албан тушаалын хэргүүдийг хууль, шүүхийнхэн хэрхэн шалгаж, шийдвэрлэх вэ гэдэгт эргэлзээ яалтчгүй үгүй төрж байна.
Тэгвэл эх сурвалж өөр нэг ноцтой байж болохуйц үйл явцын талаарх мэдээллийг мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг явуулахгүй удааж буй асуудлаар Ерөнхий сайд болон УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар ам муруйжээ. Утсаар ярилцсан уг яриа нэлээд ширүүхэн болж өнгөрсөн бөгөөд Ерөнхий сайд “Хэрвээ шүүхэд шилжсэн хэргүүдийг энэ мэтээр удааж, цаг алдуулаад байвал чамайг өөрийг чинь шалгана. Шүүгч нарын авлигын асуудлыг би дэлбэлнэ шүү” гэжээ.
Мөн “Д.Ганзориг шүүгчид хандаж прокуророос шилжүүлсэн хэргүүдийг хуулийн хүрээнд хурдан шийдэхгүй бол чамтай нэгийгээ үзнэ шүү” гэх агуулгыг хэлжээ.
Магадгүй энэ ярианы араас чухам ямар үйл явц өрнөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч шүүхийн шатанд хэрэг шийдвэрлэлт удвал асуудал улам хурцдах нь ойлгомжтой болж байх шиг байна. Сануулахад, Д.Ганзоригийг 2020 онд экс Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилж байсан билээ.
Мөн Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч хоёрын хооронд өрнөсөн маргааны маргааш Д.Ганзориг ЕТГ-ын дарга Я.Содбаатар нартай уулзсан гэх мэдээлэл байна.
Одоогийн байдлаар Эрдэнэтийн 49 хувийн хэргийг шийдэхгүй явсан хэвээрээ байна. Дээр нь нэмээд Хөгжлийн банкны хэргүүд шүүх рүү шилжсэн. Араас нь төмөр зам, нүүрсний хэрэгт холбогдох хэргүүд шилжинэ. Энэ бүхнийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхгүй бол шүүх эргээд асуудалд орох нь гарцаагүй.
Ганцхан жишээ дурдахад, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Б.Отгочулуу нарын хэргийг гурван шатны шүүхээр таван жилийн турш эргүүлж, тойруулж байгаад эцсийн мөчит 2021 оны 11 дүгээр сард цагаатгасан билээ. Шалтгаан нь буруутгагдаж буй зүйл ангиуд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар шийдсэн. Шүүх хэрвээ ингэж процессыг удаагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахгүй байх байв.