Хөгжлийн банкны сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор "Ачлал Трейд" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тус компани нь 2017 онд Хөгжлийн банкнаас "Эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл"-ийн хүрээнд 15 сая ам.долларын зээлийг авчээ. Эл компанийн 50 хувийг УИХ-ын гишүүн асан М.Билэгт эзэмшдэг бөгөөд өнөөдрийн сонсголд гэрчээр оролцож байна.
Шинжээчийн дүгнэлтээр эхний удаа олгосон 5.4 сая ам.долларыг "Ачлал Трейд" ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь бизнесийн гурван зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж хаахад зарцуулжээ. Мөн хоёр тэрбум төгрөгийн "Ачлал Трейд" ХХК-ийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламж барьцаалсан зээлийг төлж барагдуулсан байна. Түүнчлэн 1.8 сая ам.долларын зээлийн мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигч Б.Мөнхжаргалын төгрөгийн болон ам долларын хугацаагүй хадгаламжийн данснаас "Цэрэннадмид Энхтуяад олгов" гэсэн гүйлгээний утгатайгаар олон удаагийн бэлнээр гарсан гүйлгээнүүд байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1.8 сая ам.долларын зарцуулалт тодорхойгүй байгааг шинжээч хэллээ.