Сүүлийн 13 жилийн хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл огт хийгдээгүй байдаг. Бүр "парк шинэчлэл" гэдэг үгийг үгсийн санд байдаг эсэхийг ч мартчихсан байв. Харин шинэ оны эхлэл дээр нийтийн тээвэрт ч мөн шинэчлэл хийгдэж, үеэ өнгөрөөсөн нийтийн тээврээ халахаар шинэ автобусуудыг үйлчилгээнд нэвтрүүллээ.
БНХАУ-аас нийт 224 автобус худалдан авахаас эхний 117 автобус нийслэл хотод ирээд байгаа. Түүнээс гадна өчигдөр /2023.01.16/ эхний 30 автобус зургаан чиглэлд үйлчилгээнд гарсан юм. Тэгвэл UBN.mn сайтын сурвалжлах баг шинэ автобусны онцлог хийгээд иргэд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
Улаанбаатар хот, БЗД, Офицеруудын ордон
Энхтайваны өргөн чөлөө бол нийтийн тээврийн автобусууд хамгийн их зорчдог хэсэг. Тэр ч утгаараа өчигдрөөс эхлэн “Чингэлтэй-Зүрх уул”, “Хайлааст-МУБИС”, “5 шар-Ботаник” зэрэг чиглэлүүдэд эхний 30 автобусыг хуваан үйлчилгээнд гаргасан. Тэгвэл шинэ автобусны жолоочид хийгээд зорчигчид автобусны тав тух болон чанар, стандартад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Тодруулбал, автобусны жолооч Г.Мянган,
Автобусны чиглэл өөрчлөх гэж цаас наах шаардлагагүй болсон
"Хуучин автобусуудын хугацаа дууссан, дээр нь техникийн үзүүлэлтүүд их муудсан байсан. Харин шинэ автобусуудын хувьд дулаахан, тохилог, хурдан шуурхай байгаагаас гадна бүгд автоматчилагдсан байгаагаараа онцлогтой байна. Тухайлбал, Камераар хянаж байгаад хаалгаа нээж хаана, халаалгын систем нь ч гэсэн нэг товчлуур дараад ажиллах жишээний. Мөн автобусны чиглэлүүдийг хүртэл автоматаар тохируулах зэрэг давуу талууд ихтэй. Өмнө нь автобусны чиглэл солих гэж бичгийн цаасан дээр номер хэвлэдэг байсан бол тэр асуудал халагдаж, автомат чиглэл заагчтай болсон.
Мөн жолоочийн суудал, нум хоёр нь хийгээр ажилладаг болохоор жолоочийн нуруунд цаашлаад эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. Маш тав тухтай санагдаж байна" гэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй ихэнх автобусны хугацаа дууссан тул дулаалгын систем нь ажилладаггүй болсон байдаг. Түүнээс шалтгаалан автобусны цонх цантаж, иргэд хаана явж байгаагаа мэдэхэд ч хүндрэл үүсдэг. Тэгвэл шинэ автобусны техник үзүүлэлтүүдийн нэг бол цонх нь цантахгүй мөн дулаахан гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа шинэ автобусаар үйлчлүүлж буй иргэд дулаахан байгаад нь сэтгэл өндөр байгаа тухайгаа илэрхийлж байлаа.
Иргэд
Шинэ автобусаа маш цэвэрхэн эдлэх хэрэгтэй
"Шинэ автобус маш их таалагдаж байна. Мөн дулаахан, цэвэрхэн байна. Гэхдээ хүмүүс маш цэвэрхэн байх хэрэгтэй байх. Цэвэрхэн эдлэх хэрэгтэй гэж бодож байна" гэв.
Анх орж ирэхэд л гоё санагдсан
"Өнөөдрөөс эхлээд шинэ автобусууд явж эхэлж байгаа юм байна. Анх орж ирэхэд л их гоё санагдсан. Тав тухтай, цэвэрхэн юм байна. Гэхдээ суугаад хоёр, гуравхан буудал явж байгаа учраас бусад зүйлсийг нь сайн анзаарсангүй. Ямартаа ч их дулаахан байна" гэлээ.
Шинэ автобус их таалагдаж байна
"Дөнгөж сая суугаад шинэ автобус гэдгийг нь мэдлээ. Маш их тав тухтай, дулаахан, цэвэрхэн байна. Цонх нь цантахгүй их амар санагдлаа" хэмээсэн юм.
БНХАУ-аас худалдан авч буй нэг автобус 265 сая төгрөгийн үнэлгээтэй. Шинээр үйлдвэрлэсэн автобусуудын хувьд үзүүлэлт нь, 8400 мотортой, евро 5 дизель хөдөлгүүртэй, орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээнд шаардагдах стандартуудыг хангасан автобусууд юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан шат мөн тэргэнцэртэй иргэн орж суухад тэргэнцэрийг нь бэхэлдэг бэхэлгээ гэх мэт бууж суухад ашиглагдах шат нь механик төхөөрөмжөөр хийгдсэн. Нийтийн тээврийн хэрэгслийн 3 талд чиглэл харуулах цахим самбарууд, жолооч заалтайгаа шууд харилцах боломжтой чанга яригчтай гэх зэрэг олон олон давуу талтай аж.
Видео сурвалжилга:
Бид Нийтийн тээврийн улсын байцаагч Ш.Ганбаатараас шинэ автобусны онцлог хийгээд бусад асуудлаар тодруулахад,
Шинэ автобусууд 12 жилийнхээ эдэлгээг даах нь хамгийн чухал
"Өнөөдрөөс эхлэн БНХАУ-аас орж ирсэн нийтийн тээврийн автобусууд үйлчилгээнд явж эхэлж байна. Нийтийн тээврийн автобусууд 12 жилийн эдэлгээтэй бадаг. Тиймээс шинэ автобусууд маань 12 жилийнхээ эдэлгээг дааж чадвал маш сайн. Бидний хувьд иргэд, үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангахыг ямагт эрмэлздэг. Мөн жолооч нарт маш их тав тухтай байгаа талаар жолоочид маань хэлж байна" гэсэн юм.
Нийтийн тэврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авч буй 224 автобусны 107 нь одоогоор үйлдвэрлэгдэж байгаа. Мөн үлдсэн автобусуудыг шат дараатайгаар үйлчилгээнд гаргах талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн юм.
Түүнээс гадна шинэ автобусуудыг хотын төвөөр явуулах гэж байна хэмээн иргэд бодож байгаа ч энэ нь худал юм. Тодруулбал, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс аль болох хүртээмжтэй байдлаар хөдөлгөөнд оролцуулах талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир хэлсэн юм. Тодруулбал,
Шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэнэ
"Бид үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. “Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс болон “Туул гарден”, “Хан Хиллс” зэрэг хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлөвлөлт гаргасан. Богино эргэлтийн хувьд “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” гэх алсын чиглэлийг “Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог”, “Жанжин клуб-Кино үйлдвэр” гэх мэтчилэн хоёр хэсэг болгон хуваасан. Мөн хотын зах руу үйлчилгээний стандарт хангахгүй автобус явуулаад хотын төв рүү шинэ автобус явуулна гэх ойлголт байхгүй. Аль болох жигд хүртээмжтэй хуваарилахаас гадна зорчигч урсгалын судалгааны үндсэн дээр гол чиглэлүүдээ сонгож, төлөвлөлтөө хийсэн" гэсэн юм.
Ямартаа ч нийслэлчүүд олон жилийн хугацаанд элэгдэж муудсан ч, эвдэрч хэмхрээгүй хэдэн автобусаа сэлгэх боломжтой боллоо. Хүйтэн автобусанд хайрагдан, гадаа, дотор алинд нь байгаагаа ч ойлгохгүй үе удахгүй хасагдана гэдэгт итгэж байна. Түүнээс гадна шинэ суурьшлын бүсэд ч удахгүй нийтийн тээвэр хүрч үйлчлэх болсон нь бас нэгэн сайшаалтай хэрэг.
Иргэдийн зүгээс шинэ автобусууд тохилог, цэвэрхэн хамгийн гол нь өвөлдөө хүйтэн биш байгаад их ам сайтай байгаагаа илэрхийлж байв. Харин жолоочдын хувьд шинэ автобусны автоматжилт, бүрэн бүтэн байдал, тав тухыг нь ихэд магтаж байсан юм. Гэхдээ хамгийн чухал нь нийслэлчүүд бид шинэхэн автобусууддаа ариг гамтай байж, цэвэрхэн эдлэхийг уриалж байна.