Сэтгүүлч Х.Ган-Ялалт өнөөдөр /2023.01.16/ Улсын их хурлын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ 70 гаруй компаниар дамжуулан мөнгө угааж, Монгол Улсын эдийн засагт онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт үйлдлийн шинжтэй 1000 гаруй хуудас баримтыг ТЕГ, ЦЕГ, АТГ-т хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
"ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр түүнийг УИХ-ын гишүүн мөн ХНХ-ын сайдын албан тушаалаас эргүүлэн татаж, хууль, хяналтын байгууллагад шалгуулах ёстой хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарласан.
Т.Аюурсайхан гишүүн өөрийн хамаатан садан, ах дүүгийн хамаарал бүхий 70 гаруй компаниар дамжуулан нүүрсний хулгай хийсэн байх магадлалтай. Үүнтэй холбогдуулан маш их хэмжээний мөнгөн дүн гарч байгаа. Гэтэл үүний 30 хувь нь Монгол Улсад орж ирсэн, 70 хувь нь гадагш гарсан.
ХНХ-ын сайд Т.Аюурсайханы нүүрсний хулгайд холбогдсон схемийг бид гаргасан. Энэ нь МАН-ын шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд, "ЭТТ" ХК менежментийн баг нэрээр шургуулж орж ирсэн, үүссэн сүлжээ гэж харж байгаа. "ЭТТ" ХК-ний захирал Б.Ганхуяг, "ЭТТ" ХК-ний ерөнхий аудитор Б.Отгонжаргал, С.Энхтөр, А.Чинзориг, н.Бат-Эрдэнэ, Х.Нурлат, н.Алтанцэцэг гэх зэрэг хүмүүс бүгд "ЭТТ" компанийн удирдлагын багт 2018 оноос хойш орж ирсэн хүмүүс байгаа юм.
Т.Аюурсайхан гишүүн шударга таван гишүүний нэг хэмээн жагсаал зохион байгуулж байсан ч тухайн үед албан тушаал аваагүй ганц гишүүн нь. Хүмүүс Т.Аюурсайханыг ямар ч компанигүй гэж ойлгодог. Гэтэл түүний гэр бүлийн гишүүдтэй хамаарал бүхий компаниуд их байна. Мөн Т.Аюурсайханы нэр дээр ТББ-ууд болон сан байгуулдаг. Мөн тэрбээр баримт, материалыг маш их устгадаг. Бид цахимд байгаа материалуудыг хайсан. Гэвч үндсэн материалуудаа устгадаг, өөрчлөлт оруулдаг.
Мөн одоо хүртэл үргэлжилж байгаа жагсаал ч мөн түүнтэй холбоотой байх магадлалтай. Жагсаалын эхний тав хоног үндэсэнээрээ явсан. Түүнээс хойш маш олон төрөл орж ирсэн. Тухайлбал, олон улсад өрнөж байсан томоохон жагсаалуудын өнгө төрх буюу "өнгөт хувьсгал" энэ жагсаалд ажиглагдаж байна. Өнгөт хувьсгалын үндсэн зарчим нь урлаг соёлын алдартнаас нэг лидер гаргаж ирдэг. Энэ жагсаалд ч мөн Т.Аюурсайханы хамаарал байна гэдгийг гаргаж ирсэн. Тиймээс энэ бүх баримтуудаа АТГ болон бусад хууль, хяналтын байгууллагад өгч, шалгуулна" гэв.