Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуульч Д.Сүнжид: Төр гадаадаас авчирч буй иргэдээ бүх зардлаа өөрсдөө хариуц гэх нь оновчгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 51 секунд

“Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч, хуульч Д.Сүнжидтэй ковид-19 цар тахлаас сэргийлэх хууль болон гадаадад байгаа иргэдийн эрх зэрэг асуудлаар ярилцлаа.

Ярилцлагын товч агуулга: 
  • "Гадаадад байгаа иргэдээ авах нь төрийн үүрэг мөн. Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болно. 
  • Миний бодлоор төр иргэдээ татан авах асуудалд нөөцөө яаж зөв тооцох тал дээр илүү төвлөрөөд байна гэж хараад байна.
  • Харин гаднаас ирж байгаа хүмүүст бүх санхүү зардлаа та нар өөрсдөө хариуц гэж байгаа нь хэр оновчтой юм бол. Төр зарим тохиолдолд эрсдэлийг үүрэх чадамжтай байх ёстой.
  • Хамгийн анх энэ халдварт өвчин гарч эхлэх үед зорилгодоо нийцсэн шийдвэрүүдийг гаргаж байсан. Харин одоогийн гаргаж байгаа шийдвэрүүд нь зорилгодоо нийцсэн үү.  Яагаад энэ жил наадам хийх гээд байгаа юм. Энэ зорилгодоо нийцсэн шийдвэр мөн үү "

-Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онц байдлын тухай хууль хоёрын ялгаа  нь юу вэ? 

Хар үгээр тайлбарлавал Онц байдлын тухай хууль нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн ахисан түвшин гэж хэлж болно. 

Онц байдлын тухай хуулийг ашиглахад хамрах хүрээ нь өргөн, үр дагавар ихтэй байдаг. Үндсэн хуульд заасан тохиолдолд зарлах нөхцөл үүслээ гэж үздэг.

Түүнчлэн онц байдал зарлах үед хүний эрхийг шууд хязгаарлаж болно.  Хэвийн байдалд шилжтэл  шийдвэрийг онц байдлын горимоор буюу ердийн процедур харгалзалгүй шийдвэр гаргах боломжтой.  

Онц байдал зарлахдаа заавал УИХ-аар хэлэлцүүлж, УИХ онцгой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн гэж үзсэн тохиолдолд онц байдал зарлаж, тогтоол гаргана. УИХ-ын  чуулганы чөлөө цагт арай өөр зохицуулалт бий.  Харин Гамшгаас хамгаалах тухай хуулийг гал түймэр, амьтны өвчин, үер,түймэр, шуурга  зэрэг аюулт нөхцөл байдалтай холбоотой үед энэ хуулийг цөөнгүй хэрэглэдэг. Тийм  учраас  энэ хоёр хуулийн аюулын дохио  дэлдэх түвшин нь өөр гэх үү дээ.  Байгалийн гамшиг, гэнэтийн аюул нь онц байдал зарлах нэг үндэслэл болдог. Гэхдээ  нутаг дэвсгэрийн ямар хүрээнд,  хэдэн хүн өртөв, цаашид нийтийн аюулгүй байдалд нөлөөлөх нөлөө,хамрах хүрээ зэргээс хамаараад Онц байдлын тухай хуулийг илүү хурцадмал Үндсэн хуульд заасан нөхцөл байдал үүссэн үед хэрэглэнэ. 

-Хүний эрхийг хязгаарлахын тулд онц байдал зарлах ёстой юм байна. Тэгвэл Монгол улс онц байдал яагаад зарлахгүй байна вэ? 

Яагаад зарлахгүй байна вэ гэхээр Үндсэн хуульд заасан үндэслэл үүссэнгүй л гэж үзэж байна. Тухайлбал нэг үндэслэл нь 26.2.1-т зааснаар “хүн амын нийтийн эрүүл мэндэд болзошгүй гамшиг учруулсан, энэ нь хүрээнийхээ хувьд өргөжих төлөвтэй байгаа болбол зайлшгүй хамгаалах зорилгоор” зарлана гэсэн байдаг.  Харин Монгол улсад одоог хүртэл ийм нөхцөл байдал  үүссэнгүй, ердийн хуулиар зохицуулах боломжтой байна.

-Тэгвэл онц байдал зарлаагүй мөртлөө гадаадад байгаа иргэдийн эх орондоо ирэх эрхийг хязгаарласан. Тэгэхээр гадаадад байгаа 10 мянган иргэний эрхийг монгол улс зөрчсөн гэж үзэж болох уу? “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль батлагдах хүртэл Монгол Улс хүний эрх зөрчсөн үү?

Үндсэн зарчим ярьвал Монгол улсын иргэн. эх орондоо хэзээ ч буцаж ирэх эрхтэй.

-Гадаадад байгаа иргэдээ авах нь төрийн үүрэг мөн. Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлаж болно. Гадаадад байгаа иргэдээ ирүүлэх эсэх тухай асуудал байхгүй. Төр иргэнээ авах л ёстой.

-Миний бодлоор төр иргэдээ татан авах асуудалд нөөцөө яаж зөв тооцох тал дээр илүү төвлөрөөд байна гэж хараад байна. Засгийн газар  иргэдээ татан авах асуудал дээр бүх талын нөхцөл байдал, нөөцөө сайн тооцох хэрэгтэй. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад ажиллах төрийн албан хаагчдын хүний нөөц хүрэлцээтэй юу гэдэг асуудал чухал болно.  

Төр ирж байгаа хүмүүсээс гадна эх орондоо байгаа иргэдээ ч мөн хамгаалах үүрэгтэй.

Засгийн газар, ГХЯ-наас эх орондоо ирэх хүсэлтэй  10 орчим мянган иргэдийн талаарх тооцоо судалгааг хийж мэдээлсэн байсан.  Тэднийг авчрахад хэдий хэмжээний зардал гаргах, хэдий хэмжээний хугацаа орох, авчраад хянах хүний нөөц байгаа эсэх, бусад дайчилж болох нөөц бололцоо тэр бүхнийг бодож тооцох ёстой болно. Засгийн газар иргэдээ татан авах асуудалд бодитой нөхцөл байдлын тооцоо судалгаа хийх нь хамгийн чухал.

-Харин гаднаас ирж байгаа хүмүүст бүх санхүү зардлаа та нар өөрсдөө хариуц гэж байгаа нь хэр оновчтой юм бол. Төр зарим тохиолдолд эрсдэлийг үүрэх чадамжтай байх ёстой. Гадаадад байгаа зарим иргэд түр хугацаагаар яваад төлбөрийн чадамжгүй бол яах юм. Тэгвэл төр тэр эрсдэлээс нь үүрэлцэх л хэрэгтэй.  Хэрвээ иргэд төлбөрийн чадваргүй болсон бол төр төлөх л хэрэгтэй болно.

-Тэгэхээр өнөөдөр бодит санхүү, нөхцөл байдал, албан хаагч, байр байшингийн хамаарах нөөцөө тооцчихоод  Засгийн газар  тайлбарлаа  хэлвэл бүгдэд ойлгомжтой болох байна.  

-Манай улс цар тахлаас сэргийлэх хууль батлагдах хүртэл гамшгаас хамгаалах тухай хууль, онц байдлын тухай хуулийг хоршуулж хэрэглэсэн гэж зарим хуульчид үзэж байгаа.  Энэ талаар?

Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг  дөрөвдүгээр сарын 24-ны өдөр батлагдах  хүртэл Засгийн газраас тухайн үедээ боломжит арга хэмжээг аваад явсан. Мэдээж Засгийн газар цар тахлаас сэргийлэх,  хариу арга хэмжээ авах үүрэгтэй.

Тэгэхээр манайх энэ цар тахлаас сэргийлэх хууль батлагдах хүртэл өмнө нь байсан хуулиудаа хэрэглэж таарсан. Хамгийн их хэрэглэсэн нь Гамшгаас хамгаалах тухай хууль байна. УОК, ОБЕГ-аас, Засгийн газраас ерөнхийдөө тухайн үеийн нөхцөл байдлаа хараад шийдэх боломж олгогдсон байсан.  Харин тэндээс гарсан шийдвэрийн цар хүрээг хуулиар нэг бүрчлэн заагаагүй.

Мөн 4 сард цар тахалын эсрэг хууль батлагдах хүртэл улсын онцгой комиссын тогтоол нь ямар хүчин чадалтай акт вэ гэдэг нь эргэлзээтэй байсан. Одоо бол цар тахалын эсрэг хуулийн дагуу УОК-оос шийдвэр гаргах эрх зүйн  үндэслэлийг нь заасан.  

Хууль батлагдах хүртэл УОК-ын гаргасан дотоодын зам хаах, хөл хязгаарын хорио тогтоох, үйлчилгээний цагийн хуваарь зэрэг асуудлын эрх зүйн үндэслэл бүрхэг байсан.  

УОК, ЗГ-аас  шийдвэр гарахад нэгдүгээрт эрх зүйн үндэслэл буюу хуулийн үндэслэл заавал байх ёстой. Хоёрт, хамгийн гол нь бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Бодит нөхцөлд тохирно, зорилгодоо нийцнэ гэдэг нь цугларсан бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд  түүнд тохирсон, хэтрүүлээгүй, дутуу үнэлээгүй хариу арга хэмжээ авахыг хэлнэ.  Хамгийн анх энэ халдварт өвчин гарч эхлэх үед зорилгодоо нийцсэн шийдвэрүүдийг гаргаж байсан. Тухайлбал, БНХАУ-д халдвар тархалт эрчимтэй өсөж байх үед Хятадтай холбоотой боомтуудаа түр хугацаагаар хаая гэдэг нь зорилгодоо нийцсэн шийдвэр байсан.

-Харин одоогийн гаргаж байгаа шийдвэрүүд нь зорилгодоо нийцсэн үү? Яагаад энэ жил наадам хийх гээд байгаа юм? Энэ зорилгодоо нийцсэн шийдвэр мөн үү. Нарантуул зах хэвийн ажиллаж байна. Тэгсэн мөртлөө бусад үйлчилгээний газруудад хязгаарлалт  тогтоочихсон. Энэ нь хэр зорилгодоо нийцээд байгаа юм гэдэг асуудал гарч ирж байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын хилээ нээхгүй, вакцин гартал хөл хориог цуцлахгүй” гэсэн. Ерөнхий сайдад ингэж шийдвэр гаргах эрх нь бий юу?  

Албан ёсны Засгийн газрын тогтоолтой нь танилцаж тайлбар өгөхгүй бол болохгүй байна.  Эрхбиш Засгийн газар тэгж тодорхойгүй үйл баримтыг болзол тавьж тогтоол гаргахгүй байлгүй дээ гэж найдаж байна.

-Ковид 19 хууль батлагдсантай холбогдуулан хуульд буй томоохон дутагдлыг юу гэж харж байна вэ?  Хуулийг батлахад хуулинд тавигдах хуулийн шаардлага гэж байдаг. Тэгвэл тэр шаардлагад энэ ковид 19 цар тахалтай тэмцэх хууль нийцсэн үү? 

Хууль тогтоомжийн тухай хуулиар тодорхой нөхцөл байдлын үед гамшгийн нөхцөл байдлын үед ч юм уу хууль тогтоомжийн төсөлд шаарддаг бүрдүүлэлтийг шаардахгүй нэн даруй батлах ёстой. Тэр утгаараа ердийн үед баталдаг процессыг алгасаад баталсан гэсэн үг. Ийм яаралтай журмаар баталсан учраас анхааараагүй үлдсэн зүйлүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ боломжийн бүх хэмжээнд бүх л хамрах асуудлыг зохицуулсан байгаа нь сайшаалтай.

Би хоёр зүйл дээр тодруулмаар байгаа.  

Нэгдүгээрт, төсөв мөнгө нь хэр боломжтой вэ гэдэг дээр сайн мэдэхгүй байна. Тухайлбал, орлого нь тасалдсан аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй, амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдээ дэмжинэ, эмнэлэгийн эм хэрэгсэл гээд маш олон мөнгө, төсөвтэй холбоотой асуудлуудын санхүүжилтийг шийдэхээр заачихсан байгаа юм л даа. Гэвч тэр нь хэдий хэмжээний үнийн дүн, аль төсвөөс гарах, нөөц нь хангалттай юм болов уу  гэж тодруулмаар байна.

Хоёрдугаарт,  хэвлэл мэдээллийн байгууллагынхан надаас асуугаад байсан. Цар тахлаас сэргийлэх хуулийн 14.2.т “Цар тахлын талаарх цаг үеийн болон түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэнэ” гэсэн байна.  Гэвч сэтгүүлчид “Бид ганцхан эх сурвалжийг хэзээ ч бодитой гэж үздэггүй. Засгийн газар байсан ч ялгаагүй. Засгийн газар үнэн хэлж байна гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас бид олон эх сурвалжаас мэдээлэл авч хүргэдэг. Гэвч энэ хууль зөвхөн засгийн газраас гаргасан мэдээллийг л үнэн гэж үз, бусад нь худлаа гэдэг зүйлийг хэлээд байна” гээд байгаа.

-Дэлхийн бусад улс орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийн эрх зүйн үндэслэлүүд нь юу байсан бэ?

Дэлхийн бусад улс орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийнх нь эрх зүйн үндэслэл нь юу байна вэ гэхээр зарим улс онц байдал зарлаж байна.

Харин зарим улс орнууд өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Гамшгийн эсрэг хууль, Био-өвчний эсрэг хууль, Нийтийн эрүүл мэндийн хууль гээд өмнө байсан хуулиудаа ашиглаад зохицуулалт хийж байна.  Манай улс 4 сард цар тахлаас сэргийлэх бие даасан хуулийг батлах хүртлээ  хүчин төгөлдөр үйлчилж буй ердийн хуулийг баримталж, шийдвэр гаргаж байсан.

Харин зарим улсууд зөвхөн энэ үүссэн нөхцөл байдалд зориулаад шинээр хууль баталсан. 

Шинээр энэхүү халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хууль батлаж байгаа улсуудад олон улсын судлаачид анхааруулаад байгаа зүйл нь Нэгт, цар тахал нэрийн дор хүний эрхийг зөрчих эсэхийг анхаарах, Хоёрт хуулийн үйлчлэххугацаа нь тодорхой  богино хугацаатай байх ёстой. Гуравт, гарч байгаа шийдвэрүүд нь шүүхийн хяналтанд орох боломжтой байх ёстой. Энэ жишгээр хамгийн сайн хууль баталсан улсаар  Их Британийг нэрлэсэн байсан. 

Хугацаа яагаад тодорхой байх ёстой вэ гэхээр ийм онц нөхцөл байдал үүсэхээр Засгийн газарт эрх мэдлийг төвлөрлүүлдэг жишигтэй.  Ердийн байдалд эргээд шилжихэд аль ч төрийн институт олж авсан эрх мэдлээсээ салах сонирхолгүй байдаг. Тиймээс түр хугацаанд үйлчлэх хугацаа тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хүний эрхийг үндэслэлгүй хязгаарлах, зөрчихөөс сэргийлэн хуулийн  зохицуулалтыг боломжит хэмжээгээр нарийвчлан зохицуулах ёстой  гэж үздэг. 

Унгарын парламент Ерөнхий сайддаа  хорио цээртэй холбоотой шийдвэрийг дангаараа шийдэх эрхийг олгосон  нь хүний эрхийг дураар хязгаарлах нөхцөл бүрдүүллээ гэж шүүмжлүүлж байна.

Монгол Улсын халдварт өвчний энэ үед авч буй арга хэмжээ  харьцангуй хуульд үндэслэн гарч байна. Харин тухайн Засгийн газрын, УОК-ын, бусад төрийн байгууллагын халдварт энэ өвчинтэй холбоотой гарч байгаа шийдвэр нь  бодитой, зорилгодоо тохирсон,  үндэслэлтэй гарч чадаж байна уу  гэдгийг бол эргэж нягтлах л ёстой байна.

Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг  дагаж гарах журмын хүрээ хязгаар, арга хэмжээ нь хуулиасаа давахгүй байхад бас анхаарах ёстой.

Энэ халдварт өвчин улс орон болгонд шинэ сорил болж байна. Энэ нөхцөл байдлын дор далимдуулаад төр өөрийн эрхийг хэтрүүлж ашиглах, эрх мэдэл төвлөрүүлэх сонирхол илэрдэг.

Тиймээс энэ нөхцөл байдалд хууль дээдлэх ёсны зарчим, хүний эрхийг хангах зарчмыг хангахад тухайлан анхаарах учиртай.  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам долларын тусламж үзүүлнэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам долларын тусламж үзүүлнэ
 
О.Батбаяр:  Гадуур байгаа вирусийн 50 хувь нь ханиад, томуу болвол  нөхцөл байдал улам хүндэрнэ
О.Батбаяр: Гадуур байгаа вирусийн 50 хувь нь ханиад, томуу болвол нөхцөл байдал улам хүндэрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.