Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Шинээр ирсэн автобусуудыг хоёр компанид хуваан өгч, энэ сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 2 секунд

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас нийт 224 автобус авна. Эхний ээлжинд авч буй 100 автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирээд байна. Уг автобусуудыг хэзээнээс үйлчилгээнд гаргах, автобусны давуу тал зэргийг Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

-БНХАУ-аас авах автобусууд эхнээсээ ирж байна. Үлдсэн автобусууд хэзээ ирэх вэ?

-Нийт 224 автобус хүлээн авна. Үүний 100-г нь эхнээс нь авч, 30 нь Улаанбаатарт ирээд байна. 18 нь Эрээн хотод байгаа бөгөөд үлдсэн автобусууд бүгд Замын-Үүдэд ороод ирчихсэн байна. Харин 124 автобусны тухайд үйлдвэрлэх шатандаа яваа. Хоёрдугаар сардаа багтаад ирнэ.

-Энэ автобусуудын давуу талыг тайлбарлахгүй юу?

-Шинээр үйлдвэрлэсэн автобусуудын хувьд үзүүлэлт нь, 8400 мотортой, евро 5 дизель хөдөлгүүртэй, орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээнд шаардагдах стандартуудыг хангасан автобусуудыг оруулж ирсэн байгаа. Улаанбаатар хотын эрс тэс уур амьсгалд тохирсон автобусууд байгаа. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан шат мөн тэргэнцэртэй иргэн орж суухад тэргэнцэрийг нь бэхэлдэг бэхэлгээ гэх мэт бууж суухад ашиглагдах шат нь механик төхөөрөмжөөр хийгдсэн. Нийтийн тээврийн хэрэгслийн 3 талд чиглэл харуулах цахим самбарууд, жолооч заалтайгаа шууд харилцах боломжтой чанга яригчтай. Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлсэн автоматаар гал унтраах системтэй. Цонхнууд нь давхар вакум учир өвлийн улиралд цантахгүй. Хана таазны материалын хувьд ус, галанд тэсвэртэй ба эдгээр эрсдэлүүдийг туршилтуудаар нотолсон. Зааландаа 6 ширхэг дулаалгын системтэй. Өвөл халуунаар үлээж зун нь хүйтнээр үлээх боломжтой. Хийн нумтай, нам түвшний шалтай энэ нь илүү зөөлөн тав тухтай байх боломжийг олгож байгаа. Жолоочийн суудлыг тав тухтай, ядраахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Нийтийн тээврийн үзэмж нь Улаанбаатар хотын өнгө төрхийг харуулсан “City of nomads” буюу нүүдэлчдийн хот гэх брэндийн өнгө төрхийг харуулсан байгаа.

-Одоогийн байдлаар нийт хэчнээн нийтийн тээврийг шинэчлэх шаардлагатай байгаа вэ. Хэдэн автобусыг актлах вэ?

-Нийт 1000 гаруй автобусны парк шинэчлэлт хийх шаардлага үүссэн. Одоогийн байдлаар 970 гаруй автобус байгаагаас 500 гаруй нийтийн тээврийн ашиглалтын хугацаа дууссан. Улаанбаатар хотод 1400 автобус байвал хүртээмж, хүрэлцээ асуудалгүй гэсэн тооцоолол бий. Тиймээс тус зорилтод хүрэхээр ажиллаж байна.

-Нэг автобусны төсөвт өртөг нь хэдэн төгрөг вэ?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлд 77.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ингэхдээ 1 автобусыг 340 орчим сая төгрөгөөр худалдаж авч байна.

-Хэзээнээс ашиглалтанд оруулах вэ?

-Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулна. Тэгэхээр нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ.

-Автобусуудыг нийтийн тээврийн компанид хуваарилж өгөх үү?

-Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилах юм.

Б.Арвинзаяа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -20 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -20 хэм хүйтэн
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.