Түлхүүр мэдээлэл:
- Долоон сартай жирэмсэн, эмч бүсгүй орлого багатай өвчтөнүүдэд эмчилгээ хийж байна.
- Түүний ажилладаг эмнэлэг нь Испани, Африк-Америк гаралтай бага орлоготой иргэдэд үйлчилдэг эмнэлэг юм.
- Тэдгээр иргэдийн гэр нь хоорондоо ойрхон байрладаг тул бие биедээ халдвар хурдацтай дамжуулж байгаа аж.
Лос Анжелес хотын төв эмнэлэг болох CommonSpirit's Dignity Health California эмнэлэг нь ихэвчлэн Испани, Африк-Америк гаралтай, орлого багатай иргэдэд үйлчилдэг байна. Тэгвэл тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор, 35 настай Анклесариа бүсгүй 7 сартай жирэмсэн хэдий ч өвчтөнүүддээ эмчилгээ хийсээр байгаа аж.
Тэрээр коронавирусний халдвартай өвчтөнд амьсгалын аппарат залган тусламж үзүүлж дууссаныхаа дараа “Түргэн тусламжийн үеэр хүүхэд маань нэг ч өшиглөсөнгүй” хэмээн баяртайгаар хэлсэн байна. Тэр ч бүү хэл, бүсгүй эмчилгээгээ дуусгаад ажлын өрөөндөө очиж, хамгаалалтын хувцасаа тайлах хүртэл хэвлий дэх үр нь ямар ч хөдөлгөөн хийгээгүй байна.
Анклесарийн 12 цагийн ээлж өглөөний 7 цагт эхэлнэ. Тэрээр эрчимт эмчилгээний тасагт 7 хоногт дунджаар 4 өдөр ажиллах бөгөөд үлдсэн 1,2 өдөрт өвчтөнүүддээ уушгины зөвлөгөө өгдөг аж.
Анклесариагийн ажилладаг эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг нь 22 ортой бөгөөд гуравдугаар сарын сүүлчээс эхлэн дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа аж. Зарим сувилагчид хүнд хэлбэрийн өвчтөнүүдийн тоо их байгаатай холбоотойгоор 24 цагийн ээлжээр ажиллаж байгаа юм байна.
Анклесариагийн хэлснээр “Бидний үйлчилдэг энэ хавийн иргэд хоорондоо маш ойрхон зайтай амьдардаг. Учир нь тэд нийгмийн тусгаарлалт хийж, хоорондын зай барих боломжгүй, ойрхон байрлах хорооллуудад амьдардаг нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters