АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, комиссар Н.Тэмүүлэнгээс нүүрсний хэрэг болон бусад цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
-Нүүрсний хэрэгтэй холбогдуулан хичнээн хүнийг шалгаж байна вэ. Мөн энэ хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр гурван байгууллагын мөрдөгчдийн ажлын хэсэг гарсан. Үүний зорилго бол олон нийтийн анхаарлын төвд орж буй хэргүүдийг түргэн шуурхай тогтоох зорилготой. Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр хэрэг бүртгэлтийн 24 хэрэг, мөрдөн байцаалтын 11 нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хоёр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Ингээд шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Үүнээс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг явуулж байгаа. Жишээлбэл, 117 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 189 удаа, харин 252 гэрчээс мэдүүлэг авсан. Мөн 547 баримт бичгийг холбогдох байгууллагаас гаргуулан авч, түүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Оффтейк гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Үүнд мэргэжлийн шинжээчдийг томилж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Шинжээчдийн дүгнэлтээс оффтейк гэрээ хууль бус байна уу үгүй юу гэдэг гарч ирнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 63 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хэргийг шалгах явцад анх 15 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бол одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн хилийн хоргийг 16 хүнд, харин зургаан хүний албан тушаалаас нь түр түдгэлзүүлэх, 34 яллагдагчид хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх арга хэмжээг авсан. Үүнд,
- Үл хөдлөх хөрөнгө- 64 /үүний 61 нь орон сууцны зориулалттай, 3 нь оффисын зориулалттай талбай/
- Тээврийн хэрэгсэл- 37
- Арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ хязгаарлах- 35 иргэн, 34 хуулийн этгээд
- Үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөн- Дөрвөн иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
Харин нэгжлэгийн ажиллагааны хүрээнд 630 сая төгрөг, 230 мянган ам. долларыг хураагаад байна. Үүнийг эх үүсвэрийг шалгах ажиллагаа хийгдэж байна. Мөн нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй этгээдүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд нуугдмал хөрөнгө гадаад, дотоодод байгаа эсэх, эсвэл хэн нэгэн төлөөний этгээдийн нэр дээр хувьцаа бонд авсан уу, оффшор бүсэд компани байгуулсан эсэх зэрэг гадагш чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
-ХБХХЕГ-ын дарга И.Даваадоржийг нүүрсний хэрэгт холбогдуулан цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан. Энэ асуудал дээр мэдээлэл өгвөл?
-Өмнө хэлсэнчлэн 15 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор долоон яллагдагчийг цагдан хорьж байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй байна.
-Өчигдөр танайхаас мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Нэр бүхий сайт, сэтгүүлчээс нийгмийн цахим сүлжээгээр тасралтгүйгээр худал ташаа мэдээлэл тарааж байгааг байгууллагын зүгээс ажиглаж ирсэн. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг хэлье.
Ямар нэг худал, ташаа мэдээлэл тарааж байгаа нь байгууллагын дархлаа, АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах мөн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах үйл ажиллагаа гэдэг нь тодорхой байдаг.
Олон нийтийн анхаарлын төвд болж байсан олон хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар тийм ч их анхаардаггүй. Гэтэл эдгээр хэргүүд мөрдөн шалгах ажиллагаа нь дуусаад, нотлогдож байгаа хэмжээгээрээ шүүхэд гэм буруутай асуудлыг хэлэлцүүлэхээр НПГ-т шилжүүлчихсэн байдаг. Энэ мэт үр дүн гардаг.
Түүнээс биш АТГ ямар нэг ашиг сонирхолд автаж үйл ажиллагаа явуулдаггүй. Бид төрийн хуулийг дээдлэн хууль бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.