УИХ-д бие даан нэр дэвших хүсэлтээ гаргаад буй Н.Номтойбаяр, Т.Бат-оргил нарыг СЕХ-ноос бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл тараад байгаа билээ. Тэгвэл Н.Номтойбаяр, Т.Бат-оргил болон СЕХ-ноос уг мэдээллийг няцаалаа.
Тодруулбал, бид энэ талаар Н.Номтойбаярын ажлын штабтай холбогдож лавлахад, “СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэсэн хариу ирүүлээгүй. Хуралдаанаар өнөөдөр шийдвэр нь гарна. Бид сонгуулийн бэлтгэл ажлаа хэвийн үргэлжлүүлж байна” гэлээ.
Харин Т.Бат-оргилын хувьд “хуулийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс түр татгалзсан нь түүний “татварын өглөгтэй” холбоотой байсан бөгөөд СЕХ-ноос түүнд уг асуудлыг шийдвэрлэх 3 хоногийн хугацаа өгчээ. Т.Бат-оргил ч хугацаандаа багтаж, асуудлаа шийдэж чадсан байна. Тэрээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа:
"Өнөө өглөө Сонгуулийн ерөнхий хорооноос дуудаж, тогтоол гардууллаа. Учрыг лавлавал миний эзэмшиж байгаад 2018 онд бусдад шилжүүлсэн компани нь 1. намайг бүртгэлээс хасуулаагүй 2. татварт 540,000 төгрөгний өглөгтэй юм байна. Энэ үндэслэлээр намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Гэхдээ бүртгэл болон татварын өрийн асуудлыг шийдвэрлэх 3 хоногийн хугацаа байгааг надад санууллаа.
Энэ бол цэвэр миний буруу бөгөөд СЕХ, надтай өрсөлдөж байгаа нэр дэвшигчидтэй ямарваа нэгэн хамаагүй юм. Компанийг маань шилжүүлж авсан хүмүүс Даваа гарагт татварын өрөө төлж барагдуулж, бүртгэлээс миний нэрийг хасуулан СЕХ зохих нотлох баримтуудыг хүргүүлэхээр амласан. Надад итгэлээ хүлээлгэсэн бүх хүмүүсээс уучлалт гуйяа. Энэ чухал ажилд би хариуцлагагүй алдаа гаргажээ." хэмээн өчигдөр бичжээ.
Харин өнөөдөр:
"СЕХ-д өглөө 9 цагт очоод хүсэлтээ гаргаад өгчихлөө. Надаас компанийг шилжүүлж авсан хүмүүс татварын өрөө төлсөн бөгөөд өнөө өглөө мөн Улсын бүртгэлийн газар компанийн өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтээ гаргаж, өргөдөл хүлээн авсан магадлалаа авсан тухайгаа надад утсаар мэдэгдлээ. Сонгуулийн хуулийн дагуу зөвхөн татварын өргүй байх шаардлагатай тул хувьцаа шилжихийг хүлээлгүй материалаа бүрдүүлээд өгчихлөө. СЕХ үдээс хойш хуралдаж албан ёсны хариугаа өгнө гэлээ. Хүмүүс утас цохиж, мессеж бичсээр л байна. Би аль болох хурдан мэдээллүүдээ энд пост хийж байнаа. Та нартаа баярлалаа." гэжээ.
Бид мөн СЕХ-той холбогдон тодруулахад, "Хуралдаан маань ч болоогүй байхад яагаад тийм мэдээлэл тархсныг гайхаж байна. Бид үдээс хойш хуралдаж албан ёсны хариу өгнө” гэсэн юм.