Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанкаар УИХ-ын дарга болон Б.Жавхланд сануулга өгч, төмөр замаар Л.Халтар, газрын асуудлаар Н.Уртнасан зэрэг Ерөнхийлөгчийн хүмүүс рүү чиглэсэн улстөрд хуулийн дарга нарыг солихгүй бол ялагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 49 секунд
UBN.MN

“Зам бүхэн РОМ хүрдэг” гэдэг шиг сүүлийн үеийн хулгай бүр МАН-ын экс даргын эргэн тойрны хүмүүс рүү чиглэх боллоо. Үүнтэй зэрэгцэж муудсан, ойлголцсон нь тодорхойгүй байсан МАН-ын удирдлагууд номын дагуу муудалцаж, замын дагуу салжээ. Муудаж, салаад байгаа асуудлыг нь ойлгож ядах юмгүй. Хэн нь ирээдүйд МАН-д засаглах вэ гэдэг ганцхан бооцооны төлөө 70, 80-аад оныхон “цусаа” гартал үзэх гэж байна. МАН-д засаглана гэдэг нь Монголд засаглана л гэсэн үг. Тиймээс нэг талд нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй 80-аад оны залуус. Нөгөө талд нь У.Хүрэлсүх тэргүүтэй 70-аад оныхоо ах нар.

Ерөнхий сайдын чуулганд хэлсэн үг бүр цаанаа ЭЗЭНТЭЙ

Шинэ оны эхний долоо хоногт л МАН дахиад бужигнав. Сайдуудаа оруулж томилуулсан чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төмөр зам, тээвэр ложистик, байгаль орчны газар зардаг асуудал болон Монголбанкны хулгай, зэлгийг гаргаж тавиад дараагийн дэлбэрэлтийг хийнэ” гэв. Мэдээж хулгайтай, буруутай тэмцэх тухай гүйцэтгэх засаглалын тэргүүн үг унагаж байхад ард түмэн алга ташиж, хүлээлт үүсэх нь тодорхой. Тэгвэл Ерөнхий сайдын шүлс бараг хатаагүй шахам байхад нь Эрүүгийн цагдаагийнхан Төмөр замын тээвэртэй холбоотой “хурган” дарга С.Батдөл гэгчийг саатуулах нь тэр. Ингээд бүх асуудал ойлгомжтой болж ирэв. Ерөнхий сайд хэлсэндээ хүрч төмөр замаас “дэлбэрэлтээ” эхэлсэн нь энэ байж.

Л.Оюун-Эрдэнийн чуулган дээр хэлсэн үгийг эргэн нэг харвал “Төмөр зам, тээвэртэй холбоотой хулгай” гэдэг С.Батдөлийн авлига албан тушаалын хэрэг шууд болон шууд бус утгаараа гурван албан тушаалтан дээр очно. Эхнийх нь тухайн үеийн сайд, одоогийн дэд сайд Л.Халтар. Дараагийнх нь С.Батдөлийн томилгоонд улс төрийн дэмжлэг үзүүлсэн гэгдээд буй Сангийн сайд Б.Жавхлан. Дараагийнх нь УБТЗ-ын дарга, Ерөнхийлөгчийн найз гэгдэх Х.Хэрлэн. Энэ гурваас хамгийн их хохирч магадгүй нь Л.Халтар. Түүний эхнэр Ц.Ганзул нь С.Батдөлийн асуудалд холбогдон шалгуулах ёстой номер нэг хүмүүсийн нэг. Тиймээс “гал” нь дамжаад Л.Халтар руу орох магадлалтай юм.

Ерөнхий сайдын хийх хоёр дахь “дэлбэрэлт” нь Байгаль орчны яамны газар зарсан асуудал. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар газар зарсан гэх уг асуудал шууд утгаараа өмнөх сайд Н.Уртнасангийн үе рүү чиглэх аж. Тэр ч байтугай улс төрийн хүрээнийхэн дунд “Мөнгө төгрөгөө авч, өгөлцөж байгаад гардуулсан” гэдэг мэдээлэл яригдаж байна. Н.Уртнасанг 2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн засагт шингээсэн хүн нь Я.Содбаатар. Энэ хоёр “Шинэ дэлхий” телевизийн хөрөнгө оруулагч, Гүйцэтгэх захирал байхаасаа л ойр явж буй. Өөрөөр хэлбэл, БОАЖ-ын хуучин сайд асуудалд ороход Я.Содбаатар, У.Хүрэлсүх нар хүссэн, хүсээгүй энэ асуудалд чирэгдэж орно.

Ерөнхий сайдын чуулган дээр анхааруулсан гурав дахь “дэлбэрэлт” нь Монголбанк. Монголбанк энэ цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан нарт “хамаарна”. Монголбанк бол УИХ-ын мэдлийн “газар”. Г.Занданшатар даргын эргэн тойрныхны томилгоо Монголбанкаар нэг дүүрэн. 1997 онд анх хянан шалгагчаар ороод 2016 оны сонгуулийн өмнө Тэргүүн Дэд Ерөнхийлөгч хүртлээ ажилласан хүн бол Сангийн сайд. Өөрөөр хэлбэл, Монголбанк дахь томилгоо болон бусад сайн муу асуудлууд энэ хоёр хүний хүмүүс рүү чиглэнэ. Ялангуяа тэр банк бус санхүүгийн байгууллагууд. Дээр нь нэмээд УИХ-ын дарга, Сангийн сайд хоёрын нэр алдарт “Чингисхаан” банкин дээр хүртэл холбогддог. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хэлсэн Монголбанкны асуудлын “бай” шууд утгаараа энэ хоёр байх болов уу.

Эндээс харахад Л.Халтар тэргүүтэй төмөр замын асуудал, Н.Уртнасан тэргүүтэй БОАЖЯ-ны дарга нарын асуудал, Монголбанкны асуудлууд бүгд эцсийн дүндээ шууд Ерөнхийлөгчийн институтийг чиглэж байна. Яг л зам бүхэн Ром хүргэдэг гэдэг шиг... Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр МАН-д ирээдүйд хэн засаглах вэ шалтагаас болоод үнэхээр нэн таарамжгүй харилцаанд орсон гэж дүгнэхэд болохоор байна.

С.Батдөлийг суллаж, хэрэгт цаг алдаж, ээдрээг нь нэмэгдүүлсэн асуудалд ПРОКУРОР хамгийн их буруутай

Төрийн албаны эд эс бүхэнд хулгай нүүрлэсэн гэдгийг монголчууд өнөөдөр ойлгож байна. Үнэндээ Ерөнхий сайд нь хүртэл “жижигдэж” байна. Үүний тод жишээ нь 10 тэрбум төгрөгтэй баригдсан С.Батдөлийг хуулийнхан сиймхий тааруулан гулсуураар сул гаргасан явдал юм. Энэ процессыг харсан хэн ч “ард түмнийг доромжлоод байна уу” гэж асуухаар зүйл боллоо. Тэгвэл үүний цаана ч гэсэн дахиад л улс төр өрнөж байна. С.Батдөлийг Эрүүгийн цагдаагийн газраас пүрэв гарагийн орой /2023.1.5/ 48 цагийн хугацаатай саатуулж, гэр оронд нь нэгжлэг хийсэн. Эрүүгийн хуулийн дагуу мөрдөгч 48 цаг саатуулах эрхтэй бөгөөд баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж сэжиглэгдсэн этгээдийг сулладаг. С.Батдөл яг энэ заалтын дагуу хагас сайн өдөр /2023.1.7/ суллагдав.

Одоо тэр хаана юу хийж, юу гэж үгсэн тохирч явааг нь чөтгөр бүү мэд. Өнөөдөр цагдан хорих эсэх шүүх хурал нь болно.

С.Батдөлийг сулласан энэ сэжмээс л хамаг улс төр эхэлж буй юм. Эхнийх нь яагаад авлига, албан тушаалын хэргийг хуулийн дагуу АТГ шалгах ёстой байтал Эрүүгийн цагдаа шалгав. Яагаад харьяаллыг нь тогтоогоод АТГ руу шууд хэргийг нь шилжүүлсэнгүй вэ. 10 тэрбум, бас бус баримтуудтай баригдсан авлига, албан тушаалтны хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх хуулийн дагуу прокурор, шүүх харьяаллыг нь тогтоогоод АТГ-т шилжүүлэх ёстой байсан. Эхнээсээ АТГ-аар биш цагдаагаар ажиллагаа явуулсныг нь харахад Ерөнхий сайд, хуулийн сайд хоёр АТГ-т итгэсэнгүй юу.

Мөн Т.Сүхболд даргатай Эрүүгийн цагдаагийнхан баасан гарагт /2023.1.6/ яг хэдэн цагт прокурорт хүсэлтээ гаргасан бэ гэдэг чухал. Ямар ч байсан НПГ-ын хяналтын прокуророос С.Батдөлийг яллагдагчаар татаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг баасан гарагийн 17.10 цагт буюу ажлын цаг дуусахаас 20-хон минутын өмнө Баянголын шүүхэд хүргүүлсэн байгаа юм. Энд л чухам гол нугалаа буюу хэрэгт хугцааа хожиж, хэргийн ээдрээ төвгийг нэмэгдүүлсэн алхам болов. Хэрвээ цагдаа, прокурорынхон баасан гарагт цаг алдалгүй саналаа шүүхэд хүргүүлсэн бол шүүгч өмгөөлөгчийг нь цахимаар оруулах нөхцлийг бүрдүүлэхийн тулд ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэвч ажлын цаг дуусч байхад цагдан хорих санал нь орж ирж, С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал нь “Төв аймгийн шүүх дээр хуралд ороод дуусч байна. Шүүх хуралд нь заавал өөрийн биеэр оролцоно. Шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэсний дагуу Баянголын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хурлыг хойшлуулж, 10 тэрбумтай гардуулсан авлигын сэжигтэнг сул гарав.

Өөрөөр хэлбэл, С.Батдөлийг гадуур хоёр хоног явуулах ажиллагаа маш нарийн зохион байгуулагдсан байх магадлалтай юм. Хэрвээ олон нийт цаг алдаж, хэргийг ээдрээ төвөгтэй байдалд оруулсан буруутанг хайж байгаа бол эхний ээлжинд ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА, дараа нь ШҮҮХЭЭС хайх хэрэгтэй. Харин өөрийнх нь асуудал байхад ажиг сэжиггүй суусан АТГ-ыг эс үйлдэл хийснээр нь хардах эрхтэй.

Хуулийн байгууллагуудын удирдлагуудыг солихгүйгээр ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ боломжгүй

Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай”, “Газар зарсан хулгай”, “Төмөр зам тээврийн дээрэм”, “Хөгжлийн банкны хулгай” гээд төрийн тодотголтой татвар төлөгчдийн мөнгийг хумсалсан улс төрийн бүлэглэлүүдтэй тэмцэх тэмцлээ үр дүнд хүргэе л гэж байгаа бол нэн түрүүнд ТЕГ, АТГ, УЕП зэрэг байгууллагуудын удирдлагуудыг солих хэрэгтэй. Нэгэнт итгэхгүй л байгаа юм бол АТГ, ТЕГ-ын дарга нарыг өөрчлөх нь зүйтэй. ТЕГ-ын даргыг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрчилж болно. Харин АТГ-ын даргыг 2020 оны 12 сарын 31-ны өдөр өөрчлөгдсөн Авлигын эсрэг хуулийн дагуу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, 6 жилийн хугацаатай томилдог болчихсон. Хүсвэл өөрчлөх эрх нь Л.Оюун-Эрдэнэд бий.

УЕП тэтгэврийн нас хүрч байгаа. Прокурорын тухай хуулиар 60.3-т тэтгэвэрт гарах дээд хязгаарыг 60 нас. Эмэгтэй 50, эрэгтэй 55 насандаа тэтгэвэр тогтоолгоно гэж заасан байдаг. Одоогийн УЕП Б.Жаргалсайхан одоо 59 настай. Тиймээс нэгдүгээрт, тэтгэвэрт тогтоолгох насандаа хүрчихсэн. Хоёрдугаарт, тэтгэвэр тогтоолгох дээд хязгаартаа хүрч байгаа гэсэн үг.

Ингэж л хулгайтай тэмцэхгүй бол зам бүхэн Ромд хүрээд байхаар, хууль хяналтынхан нь хөдлөхгүй болохоор эцсийн дүндээ Ерөнхийлөгч, УИХ, ЗГ гурваас хамгийн хямдхан “амьтай” ЗГ уначихдаг түүх байдаг юм шүү. Хий эргэх бүрт чинь ард түмний итгэл буурна. Хий эргэн тоолонд чинь эсрэг тал чинь барьцаа ахиулна.

Хэрвээ энэ олон дэлбэлж байгаа, дэлбэлэх гэж байгаа төрийн хулгайнуудаа цэгцэлж чадахгүй ЖДҮ шиг байдлаар өнгөрвөл шинэ 30 жилийн талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Жинхэнээсээ УЛС ТӨРИЙН СЭГ болж түүхэнд үлдэнэ.

Г.Лхагвадорж

Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ
Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.