Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: ОХУ, Украины дайны нөхцөл байдал болон түүхий эдийн хомстлоос үүдэж, антибиотик, хүүхдийн ханиад, томууны эм тасалдсан

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 22 секунд

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүн бүр амны хаалт зүүж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж байсан тул томуугийн улирлыг төдийлөн анхааралгүй өнгөрсөн. Гэвч энэ жил иргэд маск зүүх нь багасч, халдвар хамгааллын дэглэмээ барихгүй байгаа тул томуугийн өвчлөл өндөр байгаа юм. Бид өмнө нь ханиад, томуугийн улиралтай холбогдуулан хэд хэдэн удаа сурвалжилга бэлтгэсэн бөгөөд хамгийн сүүлд бага насны хүүхдийн ханиад томууны эсрэг антибиотик, сыроп, лаа олдохгүй байгаа талаарх сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн.

Тэгвэл яагаад эдгээр эмийн олдоц муу байгаа болон эм, бэлдмэл юунаас болж тасарсан талаар мөн бусад асуудлаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодрууллаа.

-Хүүхдийн ханиад, томуунд зориулсан эм бэлдмэл тэр дундаа өргөн хэрэглэгддэг антибиотикууд, сыроп, халуун буулгах лаа зэрэг нь эмийн сангуудаар тасарсан байна лээ. Иргэдийн зүгээс ч мөн эм тасарсан шалтгааныг гайхаж байгаа. Тиймээс юун түрүүнд үүнд хариулт өгөхгүй юу?

-ОХУ болон Украин улсад болж буй дайны нөхцөл байдалтай холбоотойгоор Украин, ОХУ болон Европын улс орнуудаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, Европын холбооны улсуудын эмийн үйлдвэрлэгчид, түүний төлөөллийн газруудад түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний нөөцийн хомсдолын улмаас бүтээгдэхүүний үйлдвэрлэл доголдох эрсдэл үүссэн.

Түүнээс гадна байгалийн хийн түлшний хомстолоос шалтгаалан үйлдвэрлэлийн процесс хэвийн биш байгаа талаар импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудаас, төлөөлөгчийн газруудаас манай байгууллагад мэдээлж байгаа.

Тиймээс зах зээл дээр өргөн хэрэглээний антибиотикууд, хүүхдийн ханиад, томууны сыропууд тасалдаж байгаа. Гэхдээ тухайн эмийг орлох эм бэлдмэлүүд хоёроос гурван сарын нөөцтэй байгаа. Мөн зарим эмийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.

-Уг нь хоёроос гурван сарын нөөц байгаа юм байна шүү дээ. Гэтэл яагаад хомстол үүсээд байгаа юм бэ?

-Тухайн эмийг орлох, найрлага, үйлчилгээний хувьд төстэй эмүүдийн хувьд эмийн сангуудаар нөөцтэй байгаа.

-Танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-ЭЭХХЗГ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ гэвэл иргэд, эрүүл мэндийн байгууллагуудыг эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах зорилгоор зах зээлд болон эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөцийн судалгааг тогтмол хийж байна. Мөн нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг халдварын тархалтын тооцоололтой уялдуулан тооцоолж, нөөц бүрдүүлэх чиглэлээр ханган нийлүүлэх байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

Түүнээс гадна төрийн бус байгууллагуудтай хамтран эм, эмнэлгийн хэрэгслийн тээвэр ложистик, гадаад валютын шилжүүлэг зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллаад, эм хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тэгэхээр эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх зорилгоор ханган нийлүүлэх байгууллагуудаас эмнэлгийн тоног төхөөрөмж, түүхий эд, ачааны мэдээллийг авч эрэмбэлээд ЗТХЯ, ГХЯ, МИАТ, УБТЗ-тай хамтраад татан авахад дэмжлэг үзүүлж ажилласан. Үүний хүрээнд өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сараас 12 дугаар сар хүртэл давхардсан тоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх 100 гаруй байгууллагын 531 ачааны мэдээллийг хүргүүлж, татан авах ажиллагааг зохион байгуулж ажилласан.

-Тасарсан эм бэлдмэлүүд хэзээнээс эхлэн нөөцтэй болж хэвийн худалдаалагдаж эхлэх вэ. Энэ талаар ямар нэг мэдээлэл байгаа юу?

-Манай улсад орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн 80-аад хувь нь импортоор орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа ОХУ, Украины дайны нөхцөл байдал, Европын орнуудын нөхцөл байдал, хийлийн хориг зэрэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа учраас энэ нөхцөл байдал хэзээ сайжрах вэ, хэзээ хэвийн нөхцөлд шилжих вэ гэдгийг ажиглаж байна.

Гэхдээ үүнийг хараад тайвшрах бус ямар боломж байна, хэрхэн хурдан хугацаанд тасалдах эрсдэлд орох гэж байгаа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх вэ гэдэг тал дээр байнга анхаарч, чиглэл өгч ажиллаж байгаа. Тиймээс нөхцөл байдал удахгүй хэвийн болох байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

С.Батдөлийг цагдан хорих эсэхийг өнөөдөр 10.00 цагаас хэлэлцэнэ
С.Батдөлийг цагдан хорих эсэхийг өнөөдөр 10.00 цагаас хэлэлцэнэ
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд орчим агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд орчим агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.