Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эмийн сангуудаар хүүхдийн ханиадны эсрэг антибиотик, сыроп, халуун буулгах лаа ТАСАРЧЭЭ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 28 секунд

Нийслэл хотын гэр хороолол хийгээд төвийн хэд хэдэн эмийн сангаар орлоо. Хүүхдийн ханиалганд түгээмэл хэрэглэгддэг антибиотик, сыропууд бүр халуун буулгах лаа ТАСАРЧЭЭ. Аз таарвал аль нэг эмийн сангаас нь лаа эсвэл сыроп олдоно. Антибиотик төрлийн тэр дундаа флемоксин олдоно гэж найдах хэрэггүй болж.

Ханиад, томууны улирал эд дундаа үргэлжилж байгаа тул ханиадны эм тарианы эрэлт их байна. Гэвч олдоц ийнхүү муу байгааг тайлбарлаж чадах эмийн санч олдсонгүй. Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд нийт томуугийн өвчлөлийн 45 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2091 дуудлагын 63.9 хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлээд байгаа.

Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байрлах гэр хорооллын эмийн сангууд хийгээд төвийн хэд хэдэн эмийн сангуудаар хүүхдийн ханиаданд зориулагдсан эм бэлдмэлийн хүрэлцээ хэр байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Миний мэдэхийн гэр хорооллын гудамж талбай, өнцөг буланд тийм ч их эмийн сан байдаггүй. Харин төв замаа дагасан, ялангуяа томоохон худалдааны төвүүдийг дагасан эмийн сан их байдаг. Тухайлбал, хүмүүсийн сайн мэдэх Зургаан буудал орчимд худалдааны төвүүдийг дагасан олон эмийн сан нэг дор байрлах авч ханиадны эм нэгэнд нь ч байсангүй.

Бид Сүхбаатар дүүргийн ... хороонд байрлах нэгэн эмийн сангаас хүүхдэд зориулсан ямар ямар төрлийн эм, бэлдмэл тасарсан байгаа талаар тодруулахад дараах тайлбарыг хэлсэн юм.

Хүүхдийн дозтой антибиотик, сыроп, халуун бууруулах лаа ханиад, томууны ид дэгдэлтийн үед ч тасарсан байсан

Эмийн санч "Хүүхдийн антибиотикууд болон бүх төрлийн антибиотиктой сиропууд тасарсан байгаа. Том хүнийх талбетаараа байгаа. Тиймээс эмч нарын бичиж өгсөн эмийг том хүний дозоор авч, хүүхдүүддээ хувааж өгөх аргаар эмчилгээ хийж байгаа. Мэдээж том хүний дозтой эм бол хүүхдийнхээс тэс өөр. Амт чанарын хувьд гашуун, заавал нухаж хувааж өгөх учир доз хэтрэх зэрэг асуудал гарна. Мөн хүүхдүүд огиулах, ууж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд гардаг.

Сиропууд бол өнгөрсөн есдүгээр сараас эхэлж тасарсан. Ханиадны ид дэгдэлтийн үед хүүхдийн дозоор антибиотик, сыропууд байгаагүй гэсэн үг. Мөн тасарч байгаад ирсэн зарим эм, бэлдмэлүүд үнэ нь нэмэгдсэн ирдэг. Түүнээс гадна маш цөөн тоогоор ирдэг. Тэр нь өдөртөө гараад дуусч байгаа" гэв.

Харин Чингэлтэй дүүргийн 14-р хороонд байрлах "Ачлал" эмийн сангийн менежер О.Байгальмаа,

Ирэх сараас тасарсан эм бэлдмэлүүд ирэх сураг дуулдсан

"Нидерландын амоксициллин буюу флемоксин тасраад удаж байна. Ер нь бол сыроп болон таблетан антибиотикууд тасарсан байгаа. Ханиадны үрэвсэл дардаг эмнүүд ч гэсэн тасарсан байна. Эмч нар флемоксиныг том хүнийхээр, хүүхдийнхээр бичиж өгдөг.

Харин бусад эмнүүдийн хувьд харьцангуй гайгүй байна. 250 мг-тай Пара-денк лаа тасраад удсан байна. 125 мг-тай лаа байгаа. Халуун бууруулах, үрэвсэл дарах сыропон эмнүүд тасарсан байгаа. Хоёрдугаар сар гараад ирэх сураг сонсогдож байсан" гэлээ.

Хэд хэдэн эмийн сангаар орсон ч дээрх эмийн санчдын нэрлээд буй эм, бэлдмэлүүд олдоц бага байв. Бүр зарим эмийн санд эцэг эхчүүд яаран гүйж орж ирээд хамгийн түрүүнд эмчийн бичиж өгсөн халуун бууруулах лаа, антибиотикийг асуух авч нааштай хариу сонсож чадалгүй гарсаар.

Бид нэгэн ээжээс эмний хүрэлцээ, олдоц хэр байгаа талаар тодруулахад тэрбээр,

Олдоцоос гадна үнэ нь дийлдэхгүй байна

"Эм олдохгүй байхаас гадна олсон ч үнэ нь дийлдэхгүй байна. Манайх хоёр хүүхэдтэй. Нэгэн нь эм авлаа гэхэд 100 мянган төгрөг. Хоёр хүүхдэд 200 мянган төгрөг зарцуулна. Энэ цаг үед ийм дүнтэй мөнгөөр эм тариа авна гэдэг бол хэцүү шүү дээ.

Хүүхдүүд маань цэцэрлэгт явж байгаа. Цэцэрлэгтээ яваад л ханиад хүрнэ. Өөрсдөө ажилтай учраас цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй. Заримдаа эм хайгаад баахан явна. Ер нь асуудал ихтэй шүү дээ" хэмээсэн юм.

Үнэхээр энэ ээжийн хэлсэн нь үнэний ортой. Зарим эмийн санчид ч үүнийг нотолсон. Тасарч байгаад ирсэн эмнүүдийн үнэ нэмэгдэж ирж байгаа нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч байгаа гэдэг нь илт байв.

Бид нийслэл хотын төв хэсэгт байрлах хэд хэдэн эмийн сангаар орж эмийн санчидтай ярилцахад өнөөх эмнүүд л байхгүй талаар хэлж байлаа. Харин яагаад тасарсан эсэхийг эмийн санчид нарийн тайлбарлаж чадахгүй, учир шалтгааныг нь мэдэхгүй байв.

Хүүхдийн антибиотик байхгүй тул том хүний дозыг хувааж хэрэглэх талаар зөвлөж байгаа

"Хүүхдийн антибиотикууд байхгүй. Тасраад удаж байна. Эмч 250 мг-тай эм өг гэсэн бол бид 500 мг-тай эм өгөөд хувааж уулгах талаар зөвлөж байгаа. Уг нь нас насандаа тохирсон эм хэрэглэвэл зүгээр.

Манай эмийн санд антибиотик, эмнүүд тасраад 2 сар боллоо. Хүүхдийн лаа ч дууссан. Хүүхэд хэрэглэхэд хялбар төрлийн эм, бэлдмэлүүд бүгд байхгүй. Олон улсын эм нийлүүлэгч компаниудаас болоод ирэхгүй байгаа юм уу эсвэл өөр шалтгаантай юу сайн мэдэхгүй байна. Эм орж ирж байгаа ч том хүний болон хүүхдийн антибитикууд цөөн орж ирж байна.

Гэхдээ вирусийн эсрэг эмнүүд байгаа учраас бас учиртай. Антибиотикууд нь бактерын эсрэг шүү дээ" гэлээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ирэх тавдугаар сарыг хүртэл үргэлжилнэ. Угтаа хурдан эдгэхийн тулд чанартай эм тариаг хэрэглэх шаардлагатай. Гэтэл бага насны хүүхдүүдийн ханиад намдахгүй байгаа нь чанартай эм бэлдмэл дутмаг байгаатай салшгүй холбоотой гэж хэлж болох.

Ямартай ч нийслэл хотод хүүхдийн ханиадны эсрэг антибиотик, сыропууд тасраад багагүй хугацаа өнгөрч. Тиймдээ ч эмнэлэг бараадахад эмч нар хамгийн түрүүнд антибиотикын төрлийн эм бэлдмэлийг бичиж өгдөг ч олдохгүй байгаа аж.

Тиймээс бага насны хүүхдийнхээ ханиад томууг хурдан эдгээхийн тулд эм бэлдмэл хайж хугацаа эрүүл аргыг хайх нь илүү хялбар бөгөөд цаг хэмнэх биз. Магадгүй эрүүл хоол, шим тэжээлтэй чанарлэг хүнсээр хооллож, эмч нарын байнга зөвлөж буй бүлээн шингэж зүйлийг уулгах нь тустай байх. Мөн бүгд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж чадвал ханиад, томуунаас урьдчилан сэргийлж чадна гэх уриалгыг сурвалжилгынхаа төгсгөлд уриалж байна.

Видео сурвалжилгыг үзэх:

Шинэ томилогдсон сайд нарт захирамжийг нь гардууллаа
Шинэ томилогдсон сайд нарт захирамжийг нь гардууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.