Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.
Тэрбээр " Нэгдүгээрт, Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах хуулийг сайтар иргэдэд танилцуулах, сурталчилах үүргийг УОК-т өгч байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна.
Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү? Аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна.
УИХ-ын сонгуулийн үеэр халдвараас сэргийлэх чиглэлд УОК-оос СЕХ-нд зөвлөмж өгөх хэрэгтэй. Зургаадугаар сарын 2-ноос сурталчилгаа эхэлнэ. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй.
Бүх иргэдээ гадаадаас татан авчрах боломж байхгүй. Улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Улсын онцгой комисс аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа тодорхой үе шаттайгаар гадаадад байгаа иргэдээ татан авч байгаа.
Улсын хилээ нээхгүй. Хэзээ нээхийг хэлэх боломжгүй. Дэлхий дахинд нөхцөл байдал намжсан үед хилээ нээнэ. Цаашлаад коронавирусний вакцин, эм тариа гарсан үед л хөл хориог цуцална.
Төр засгаас гаргасан шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. Хүн болгонд таалагдсан шийдвэр гаргахгүй. Иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө гаргаж байгаа шийдвэр гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Гаргасан шийдвэрийг улсын болон ард иргэд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй" гэв.