Коронавирусын хязгаарлалтыг сунгах эсэх талаар УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:
“Коронавирусыг хяналтандаа авсан гэж үзэн хорио цээрийн дэглэмийг сулруулсан улсуудад дахин халдвар бүртгэгдэж, хоёр дахь давалгаа үүсэх эрсдэл үүсч байна. Иймд хорио цээрийн дэглэмийг сулруулж болохгүй гэж үзэн УОК-оос хориог зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах саналтай байна.
Түүнчлэн гадаадад буй иргэдээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд нэмэгдэж байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд буй иргэдээ ээлж дараатай татна" гэв.