Олон түмэндээ “10 хувь” гэдгээрээ зартай шинэхэн сайд Ц.Даваасүрэнгээ хэдүүлээ өнөөдөр муулахгүй. Хэрвээ муулуулснаас болж хүний чихнээс цус гардаг бол түүний хоёр чих уже зэрэг шархалцан хэвтэж байгаа.
Тиймээс өнөөдрийн гол дүрээр дамжуулаад өөрсдийгөө нэг сайхан муулаад авъя. Үнэнтэй нэг нүүр тулаад үзье.
Товчхондоо, Ц.Даваасүрэн бол өнгөрсөн 30 жилд бүтээсэн бидний “бүтээл”. Шантаажчин, популист, эрх мэдлийн төлөө улайрагч, дүрэмгүй тоглодог гээд түүнээс гардаг бүхий л асуудал бидэнтэй шууд холбоотой. Хэрвээ та Ц.Даваасүрэнг сонгоогүй байсан бол өнөөдөр тэр ингэж сайд болох гэж зүтгэхгүй байсан. Бид ингэж бухимдахгүй байсан. Хэрвээ та саналаа ердөө 20 мянган төгрөгөөр худалдаагүй бол МАН найман жил дараалан төрийн дээр “найрлахгүй” байлаа. Ер нь бол бид л тэднийг сонгож, өнөөдрийн эрх мэдлийг атгуулсан гэдгээ санах нь зүйтэй.
Бид халамж нэхдэг учраас, бид саналаа худалддаг учраас, бид хариуцлагатай уул уурхайг дэмжихгүй байгалийн баялаг газар доороо байх ёстой гэж муйхарладаг учраас тэд арав, хориороо Даваасүрэн болдог юм. Масст популист өнгө төрх таалагддаг учраас бүгд дүр эсгэсэн популист болдог юм. Хэн юм хийсэнд нь биш, хэн илүү попорсонд нь итгэдэг учраас Даваасүрэн мэт нөхдүүд Эрчим хүчний салбарын хамаг том төслийг гадныхан гэдэг ганцхан лоозон дор хийж байгаад зогсоочихдог юм.
Бид “Эрдэнэс тавантолгойг” олон улсын зах зээл дээр нээлттэй компани болгохыг эсэргүүцдэг учраас Даваасүрэн, Аюурсайхан шиг хүмүүс ард түмний өмчийг төр л “ажиллуулах” ёстой гэсэн гоё үгээр халхавчилж байгаад нүүрсний хулгайчид нь мөнгөний мэдрэмжээ алдталаа идэж, уудаг юм.
Өнгөрсөн хугацаанд ийм нам, ийм хүн, ийм улс төрийн системийг үг дуугүй бүтээчихээд өнөөдөр түүндээ бухимдах шаардлагагүй. Хэрвээ бид ирээдүйд өөрчлөгдөж чадвал Ерөнхий сайд нь ҮХНӨ-ийг явуулахын тулд хэн нэгэн популистад бүхэл бүтэн салбарыг золиос болгож өгөхгүй. Яагаад гэвэл бидний өөрчлөлтийн дүнд сонгогдсон шал өөр Даваасүрэн байгаа цагт өнөөдөр иргэд нь ч, Ерөнхий сайд нь ч, улстөрчид нь ч ийм сайд томилчихоод өөрсдөөсөө ичиж суухгүй.
Парламент бол бага ард түмэн. Ямар ард түмэн байна тийм төр оршдог гэдэг. Тиймээс хэрвээ “10 хувь” сайдыг хараад ичиж байгаа бол үнэндээ SHAME ON YOU.
Г.Лхагвадорж