Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Та бид оносон аваас үр ач нар маань талархаж, алдсан аваас залруулах тэдэнд минь үлдэнэ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 47 секунд

-Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс-

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ой энэ сарын 13-нд тохионо. 1992 оны шинэ Үндсэн хууль бол хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль болсон гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. УИХ өнгөрсөн жилээс шинэ ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг, УИХ-ын архивт байгаа бүрэн эхээр нь ард нийтэд албан ёсоор нээлттэй болгосон. Тус тэмдэглэлээс Шинэ Үндсэн хуулийн эхийг залсан өдөр буюу 1992 оны нэгдүгээр сарын 15-ны АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг онцлон хүргэж байна.

Ардын Их Хурлын II хуралдааны 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 59 дүгээр хуралдааны ажиллагаа өглөөний 10.00 цагт Ардын Их Хурлын танхимд Монгол Улсын Үндсэн Хуулийн эхийг залах ёслолын ажиллагаагаар эхлэв. Монгол Улсын Төрийн шинэ сүлд, далбааг байрлуулж хүндэт харуул зогссон Ардын Их Хурлын танхимд депутатууд,суудлаа эзэлсэн байв.

БНМАУ-ын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Засгийн газрын Шадар сайд До.Ганболд, Ч.Пүрэвдорж, Д.Дорлигжав нар болон Засгийн газрын танхимын гишүүд, хууль хяналтын байгууллагын дарга нар, улс төрийн намуудын удирдлагууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын гишүүд, ажлын хэсгийн хүмүүс, Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтнууд, эрдэмтэд, зохиолчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд Ардын Их Хурлын танхимд уригдаж ирсэн байв.

Мөн Үндсэн хуулийн эхийг залах ёслолын ажиллагаанд манай улсад суугаа гадаад орнуудыг төлөөлсөн бүрэн эрхт элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, дипломатууд хүрэлцэн иржээ.

10.00 цагт Ардын Их Хурлын танхимд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат ёслолын хувцастай орж ирэн тусгай зассан суудалд суухад, Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан, орлогч дарга Н.Батбаяр, Т.Жагай, Ц.Лоохууз, Д.Моондой нар хуралдааны тэргүүлэгчдийн байранд суудлаа эзлэв.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан Монгол Улсын Үндсэн Хуулийн эхийг залах ёслолын ажиллагааг нээж товч үг хэлээд Монгол Улсын Үндсэн Хуулийн эхэд гарын үсэг зурж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тамгыг дарж батламжлан алд цэнхэр хадгийн хамт БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулав.

БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын Үндсэн Хуулийн эх оршвой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гэсэн үгийн ард гарын үсэг зурж, төрийн тамга дарж хуулийг батламжлахад Ардын Их Хурлын депутатууд алга ташиж, уухай цуурайтуулан баяр талархлаа илэрхийлэв. Ардын Их Хурлын танхимд БНМАУ-ын Төрийн дуулал эгшиглэхэд ёслолын ажиллагаанд оролцогсод суудлаасаа босож хүндэтгэлээ.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Х.Дамдинсүрэн Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг батламжилсантай холбогдуулан БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат, Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан нарт хадаг гардуулан ерөөлийн үг хэлэв.

Ингээд Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан Ардын Их Хурлын депутатуудад хандаж товч үг хэлж, ёслолын ажиллагааны Ардын Их Хурлын танхим дахь хэсгийн ажиллагаа дууссаныг мэдэгдэв.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан мөн өдөр эзэн Чингисийн дурсгалын хөшөөний суурь тавих ёслолын ажиллагаа, Спортын төв ордонд Үндэсний бөхийн барилдаан, Төрийн ордонд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн хүлээн авалт болов.

Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан Үндсэн хуулийн эхийг залах үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг нотлох, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолын ажиллагаанд оролцож байгаа эрхэм хүндэт нөхөд өө!

Монгол орны түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй энэ зурвас мөчид та бид буурал түүхийн гэрч ардчилал, шинэчлэл, уламжлалыг хослон эх орныхоо ашиг тус, сайн сайхны цаашдын баталгаа болох итгэл өвөрлөн Үндсэн хуулиа туурвиж баталлаа.

Эцэг, өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага, та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж эх үйлсийг бүтээлээ. Энэ баярт мөчийг та бид зүрх сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа даяар олноо зарлан тунхаглаж байна.

Та бид оносон аваас үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд минь үлдэх биз ээ. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдэлж хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, эрхэм хүндэт Ардын Их Хурлын депутатууд, эрхэмсэг ноёд, хатагтай нар аа.

Манай эх орны түүхэн хөгжлийн эгзэгтэй, ээдрээтэй энэ зурвас мөчид Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг нотлох төрийн сүлд далбааны эхийг залах ёслолын ажиллагаанд оролцох хүндтэй,дурсгалтай хувь тавилан та бидэнд тохиожээ.

Хүж дэлхийн хүн ардын буурал түүхийн нугачаанд монголчууд бид алдаж, онохын хатуу үнэнийг амссаар, өгсөж, уруудахын баяр зовлонг эдэлсээр өнөөдрийн өдрийг үзэж, түүхэн тэмдэглэлт үйл явдлын босгонд тулж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Ардын Их Хурлаар хэлэлцэж, баталсан шинэ Үндсэн хууль хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад нийцэж, ардчилал, шинэчлэл, хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хөгжил дэвшлийн баталгаа болно гэж үзэж байна.

Шинэ Үндсэн хуулийнхаа зарчимд бид үнэнч байх болно. Төрт ёс, хуулиа хэлбэрэлтгүй дээдэлж, хүч чадал, эрдэм мэдлэг, бэлэг авьяасаа дайчлан түүх соёлоо бүтээсэн өвөг дээдсийнхээ ариун уламжлалыг өнөөдөр ч маргааш ч та бид өвлөж чадна гэдэгт итгэл төгс байна.

Монголын ард түмний бүрэн эрхт төлөөлөгчдийн дээд байгууллага Ардын Их Хурлаас баталсан Үндсэн хуулийн эхийг нотлох төрийн сүлд, далбааны эхийг залах ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье.

Энэ баярт мөч та бидний сэтгэл, зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Энэ цагаас эхлээд та бид төрийнхөө шинэ сүлд, төрийнхөө шинэ далбааг шүтэж, биширч Үндсэн хуулиа дээдэлж явах болно. Одоо гагцхүү туурвисан Үндсэн хууль маань амьдралд хэрэгжих энэ мөч ойртож байна. Эх орон Монгол орон минь мандтугай” гэжээ.

Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин 2023.01.03 №1 (6986),

Сэтгүүлч Т.Сайхан

Ц.Цэрэнпунцаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд үр ашиг муутай төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглохоор тусгасан
Ц.Цэрэнпунцаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд үр ашиг муутай төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглохоор тусгасан
 
Б.Энхбаяр: 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Б.Энхбаяр: 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.