"Эрдэнэс монгол" ХХК-д нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байсан. Тэрбээр "Тус компани нь 89 орон тоотой, 7 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Гүйцэтгэх захирлыг оруулахгүйгээр 88 орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулна. Ахлах менежер буюу газрын дарга 7, менежер 7, мэргэжилтнүүд 74 байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг ирэх нэгдүгээр сарын 2-16 хүртэл явуулна" гэж байсан.
Тэгвэл энэ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр "Эрдэнэс Монгол" бол Монголын толгой компани. Нүүр царай. Тиймээс энэ компанид ажиллах хүмүүс мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай байх ёстой. Эдгээр шаардлагуудад тэнцэх хүмүүс сонгон шалгаруулалтад орж болно. Тиймээс тус компанийн цалин хамгийн өндөр байдаг. Гэхдээ хувийн хэвшлийн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудаас бага. Гэхдээ Монголын төрийг төлөөлөх компанид ажиллах ажилчдын цалин хангамж сайн байх ёстой гэдэг үүднээс өндөр тавьсан.
Ахлах менежер буюу 7 газрын дарга байна. Эдний цалин 9-12 сая төгрөг байна.
Менежер 6.5-.8.5 сая төгрөг байна.
Ахлах менежер 4-6 сая төгрөг байна.
Мэргэжилтнүүд 2-4 сая төгрөгийн цалинтай байна" гэлээ.