“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой оффтейк гэрээг нууцлалаас гаргаж, олон нийтэд ил болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Харин өнгөрөгч долоо хоногт АТГ-аас эл компанийн сүүлийн таван жилийн худалдан авах ажиллагаатай холбоотой хийгдсэн гэрээнүүдийн мэдээллийг ил болголоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.
-2021 онд хамгийн ӨНДӨР буюу нийт 3 их наяд төгрөгийн худалдан авах гэрээ байгуулжээ-
Сүүлийн таван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт 7 их наяд 538 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой гэрээ байгуулжээ. Энэ дундаас гэрээний тоогоор 2022 онд хамгийн их буюу нийт 178 гэрээ байгуулжээ. Харин гэрээний мөнгөн дүнгээр 2021 онд 3 их наядын гэрээ байгуулсан нь хамгийн өндөр дүнтэй байгаа юм. Сүүлийн таван жилийн худалдан авах ажиллагааны мэдээллийг доорх инфографикаар хүргэж байна.
Оффтейк гэрээг ил болгосны араас эл компанийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл олны анхаарлыг татсан. Энэ нь УИХ-ын зарим гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэд хэдэн худалдан авах гэрээний мэдээллийг хүргэсэнтэй холбоотой юм. Тэгвэл сүүлийн таван жил эл гэрээнүүдээс хамгийн "СОНИРХОЛ" татсан гэрээнүүдийн мэдээллийг хүргэе.
-2018: 51 саяар принтер, 47 саяар бугуйн цаг, 29 саяар поло загварын путболк худалдан авчээ-
-2019: 122 саяар флаштай бал, түлхүүрийн оосор, 115 саяар принтерийн хор, 122 сая төгрөгөөр зэс, мөнгөн аяга худалдан авахаар гэрээлжээ-
-2020: 72 саяар бичгийн цаас, 73 саяар бомбер хүрэм, 39 саяар сүлд дуу хийлгэж, 431 саяар бэлэг дурсгалын зүйл худалдан авчээ-
-2021: 80 саяар индүү, 376 саяар угаагч машин, 196 саяар хатаагч машин худалдан авчээ-
-2022: 89 саяар принтерийн хор, 108 саяар амны хаалт, 300 саяар ковид19-ийн шинжилгээний тест худалдан авахаар гэрээлжээ-