Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд 15 өдрийн турш Төв талбай дээр жагсаж байгаа билээ. Улмаар өчигдөр өдөр НЗДТГ-аас жагсагчдад СТӨ-г нээж өгсөн бол харин шөнө дөрвөн гэрийн хоёрыг нь буулгасан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өгч байна.
"Цахим орчинд жагсагчдын гэрийг хүчээр буулгалаа гэх асуудалд: Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө жагсаж буй иргэдтэй уулзаж дараах зүйлийг хэлсэн “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан бөгөөд цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байна. Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу СТӨ-нд байрлах боломж нөхцлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй” гэсэн мэдээллийг хийсэн.
Мөн нэмээд эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийж 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан 2 гэрийг буулгасан. Харин Жагсагчдын зүгээс СТӨ-нд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна." гэлээ.