УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын хуульч Д.Үүрцайх "Хэвлэл мэдээлэл болон Хууль зүйн, дотоод хэргийн сайдын мэдээлснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тодорхой гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэж ойлгогдсон. Яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэх мэдээлэл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан олон янзын олон шатлалтай арга хэмжээнээс хэргийн мөрдөгч болон прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн бага буюу хувийн баталгаа гаргах гэдэг таслан сэргийлэх арга хэмжээ авжээ. Өмнө мэдүүлэг өгөхдөө энэ сарын 18-ны өдөр гадаад улсад эмчлүүлэхээр явах шаардлагатай гэх мэдээллийг өгсөн гэх мэдээлэл гараад байгаа.
Тэгэхээр яагаад нүүрсний хулгайн асуудалд гүнзгий холбогдсон, бараг толгойлогч нь гэхээр хүнд хувийн баталгаа гаргах гэдэг хамгийн бага таслан сэргийлэх арга хэжээ авсан бэ гэх асуулт тавигдаж байна. Энэ нь АТГ-ын мөрдөгч өөрөө авч болох арга хэмжээ. Мөрдөгч аргагүй эрхэнд ийм арга хэмжээ авсан уу гэх асуулт байна. Хэрэв энэ хүн эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана. Нэгдүгээрт, АТГ-ын мөрдөгч хилийн хориг тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг гаргаагүй бол АТГ-ын мөрдөгч, комиссарын хариуцлагын асуудал яригдана. Хоёрдугаарт, хилийн хориг тавих хүсэлт гаргасаар байтал УЕП шийдвэрлэж өгөөгүй бол эдгээрийг томилсон улс төрчидтэй хариуцлага тооцох асуудал болно" гэв.