Өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч М эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан ноцтой хэрэг гарсан. Жолоо барьж явсан гэх иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, түүнд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн ноцтой осол гаргасан тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Ингэхдээ Ч.Маралмаад Эрүүгийн тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, 2.4. их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлджээ.