ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 86 мянган хүн халдвар авч, 3 мянга гаруй хүн нас барсан байна.
ОХУ-д 8900 шинэ тохиолдол нэмэгдсэн бөгөөд Монгол Улстай хил залгаа оршдог хотуудад халдвар 30-75 хувиар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй нэмэгдэж байна.
Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөө өглөө 08:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
ЭМЯ-наас ажиллуулж байгаа тусгай утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 259 дуудлага ирснээс БНСУ, Ирланд, Швед АНУ-аас монгол иргэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Иргэд худалдаа үйлчилгээний газруудад зай барихгүй байна гэх гомдлууд ихээр ирсэн. ЭМЯ, ДЭМБ-аас 1,5-2 метрийн зай барих зөвлөмжийг гаргасан. Тиймээс худалдааны байгууллагууд дээрх зөвлөмжийг дагах хэрэгтэйг онцгойлон анхааруулж байна" гэв.
У.БИЛГҮҮН