Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2022.12.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Үүнээс хүнд нөхцөл байдал тулгарвал яах вэ гэдгийг бодолцож, том алхам хийх цаг иржээ. Хэрвээ өчигдрийн үйл явдал Японд болсон бол Ерөнхий сайд парламентийн тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа. Ерөнхий сайд ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал. Хэрвээ миний гаргаж ирж тавьж байгаа Шинэ сэргэлтийн бодлого, хулгай луйврыг цэгцэлье гэж байгаа бодлого нийгэмд хуваагдал үүсвэл сонгодог парламентийн жишигт ийм арга байдаг. Хэрвээ энэ реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентийг бүрдүүлж өг гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хийх боломж бий.
Өнөөдөр харамсалтай нь манай Үндсэн хуульд ийм боломж байхгүй. Тиймээс Үндсэн хуульд энэ асуудлыг тусгаж, би ч ард түмнээсээ асуумаар байна. Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайдын засаглал. Ийм сонголтын өмнө ирэхэд би бэлэн байгаа, үүнийг парламентын гишүүд, улс төрийн намууд дэмжих байх гэж итгэж байна. Гацаж, гал унтрааж байснаас том асуудлуудаа шийдье. Аяандаа бусад асуудлууд шийдэгдээд явна" гэв.