Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхийн бусад орон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 54 секунд

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхий даяар энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн билээ.

  • Өдгөө дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй нийт 1 тэрбум хүн амьдарч буйн 80 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.
  • 60 болон түүнээс дээш насны нийт хүмүүсийн 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй.
  • Олон улсад 5 эмэгтэй тутмын 1 нь, 10 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм.

Харин Монгол Улсын хувьд хүн амын 3.1 хувь буюу 106169 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүд 11.1 хувийг эзэлж байна.

Тэгвэл энэ өдрийг дэлхий даяар дараах орнууд хэрхэн тэмдэглэснээс сонирхуулбал:

Их Британи

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан эдгээр иргэдэд зориулсан инновацын төвийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав. Иргэдийн спортын оролцоог дэмжих чиглэлд голлон анхаарахаар энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.

Канад

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг Канадад анх удаа батлав. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээр тусгасныг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо онцолжээ.

Монгол Улс

Монгол Улс энэ жил Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх хүрээнд инновац, технологийн шинэ шийдлүүдийг бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia, Е-halamj, E-Job системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлж, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Зайнаас зөвлөн туслах төв /duudlaga.mn/-ийг байгуулан ажиллуулж байна. Мөн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэж эхэлжээ. Харин бүтээн байгуулалтын чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барих ажил амжилттай хэрэгжиж байна. Хөвсгөл аймгийн барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан бол Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд аймгуудын барилга бүрэн баригдаж энэ онд багтаан ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

Бангладеш

Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид тус өдрийг тохиолдуулан олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, чадварыг нээн илрүүлэх нь улс орны хөгжилд нэн чухал болохыг тодотгоод, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсролын тэтгэлэг олгох, мөн боловсролын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, спорт цогцолбор байгуулах Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нью Дели хотноо байрлах “Энэтхэгийн хаалга”-ыг (Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 84,000 цэргийн дурсгалыг хүндэтгэн байгуулсан) хөхөлбөр ягаан өнгөөр гэрэлтүүллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурму олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд боловсрол нэн чухал үүрэгтэйг онцлоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, гэртээ болон хүрээлэн буй нийгэмдээ аюулгүй амьдрах, карьер сонгох, ажил эрхлэлтийн тэгш боломжоор хангах чиглэлд ажиллахаа тодотголоо. Энэтхэгийн нийт хүн амын 2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй бүрдүүлж байгаа аж.

Ж.Батзандан өнөөдөр СУЛЛАГДАНА
Ж.Батзандан өнөөдөр СУЛЛАГДАНА
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.