Маргаашаас эхлэн Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэдгийг Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-аас нийт жолооч нарт анхааруулж байна.
Тодруулбал, Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг маргаашаас эхлэн эрчимжүүлэх юм. Тодруулбал, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Энхтайваны өргөн чөлөөнд Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг. Эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдэд дараах хяналтыг тавина.
Үүнд:
- Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх
- Зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавих
- Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой.
Эдгээр зөрчлийг “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар хянаж, хариуцлага оногдуулахаар тооцож байгаа юм.