Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Улаанбаатарчууд “гал алдахгүй“, сайжруулсан түлшний нөөц агуулахуудад ХАНГАЛТТАЙ байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 21 секунд

Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарсаар. Үүнтэй зэрэгцэн гэр хорооллын айл өрхийн галлагаа ч нэмэгддэг. Нийслэлчүүдийн хувьд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлууд, түүнийг дагасан санал шүүмжлэлүүд урссаар ирсэн.

Сүүлийн өдрүүдэд л гэхэд нийслэлчүүдийг шахмал түлшээр тасралтгүй хангах үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш” ХХК нөөцгүй болж их хэмжээний хагас коксжуулсан түлшийг БНХАУ-аас оруулж ирж байна гэх мэдээлэл гарав. Эндээс “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрүүд нөөцөө бэлтгэж чадахгүй хэмжээнд хүрэв үү, нийслэлчүүд гал алдах уу зэрэг асуулт урган гарч буй юм. Тэгвэл бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн эсэх, агуулахуудад нөөц бий юу зэрэгт хариулт авах үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-“Таван толгой түлш” ХХК нөөцгүй болсон уу-

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэр. Өнгөрсөн хугацаанд шахмал түлш үйлдвэрлэл, нийлүүлэлтийн “гол нурууг” үүрч ирсэн нь эл үйлдвэр юм. Шахмал түлшний үйлдвэрлэл хэвийн байгааг албаныхан онцлов. Харин олон нийтийн анхааралд байгаа хэд хэдэн асуултуудад "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх дараах хариултыг өгч байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Хэчнээн тонны нөөц бэлдэж чадсан бэ. Одоогийн байдлаар үйлдвэрүүд өдөрт хэчнээн тонн түлш үйлдвэрлэж байгаа вэ?

-Тавантолгой түлш компанийн хэмжээнд 3 мянга орчим ажилтан дөрвөн ээлжээр ажиллаж байна. Баруун, зүүн, дөрөвдүгээр үйлдвэрийн технологийн 14 шугам ажиллаж, хоногт 2300-2500 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Борлуулалт ч энэ хэмжээнд байгаа. Саяхны хүйтний эрч чангарсан өдрүүдэд өдөрт үйлдвэрлэх түлшний хэмжээ 3000 тоннд хүрсэн.

Бид Засгийн газраас өгсөн үүрэг даалгавар болон өвөлжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд нийт 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх ёстойгоор 140 мянган тонныг үйлдвэрлэж, 120 мянган тонн шахмал түлшийг нөөцөлсөн.

-“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК: Нөөц хангалттай байгаа, нийслэлчүүд гал алдана гэж санаа зовох шаардлагагүй-

-Яагаад 200 мянган тонн нөөц бэлтгэх зорилтдоо хүрч чадаагүй юм бэ?

-Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд нөөц хадгалах боломжит бүх агуулгууд дүүрсэн. Хоёрдугаарт, бороо их ордог 7 болон 8 дугаар саруудад үйлдвэрлэлд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэргийн бэрхшээлүүд үүсч байсан. Гэвч 120 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нөөцөлнө гэдэг бол компани 2018 онд байгуулагдсанаас хойш хамгийн их нөөцтэйгөөр өвлийн сард орсон тохиолдол. Есдүгээр сарын 15-нд борлуулалт эхэлснээс хойш хугацаанд нөөцөлсөн 120 мянган тонноос 10 мянган тонныг нь хэрэглэсэн.

-Сүүлийн өдрүүдэд Тавантолгой ХХК шахмал түлшний нөөцгүй болсон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлчүүдэд гал алдах вий гэх болгоомжлол төрж эхэллээ?

Одоогийн байдлаар 110 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өдрийн үйлдвэрлэлээрээ тухайн өдрийн борлуулалтаа хангаад явж байгаа. Цаашид 12 дугаар сарын эхний арав хоногт дахиад хоёр шугам нэмж ажиллагаанд оруулна. Нөөц хангалттай байгаа.

Шахмал түлшний гол түүхий эд болох барьцалдуулагчийн 12500 орчим тонн нөөцийг бэлтгэсэн нь манай үйлдвэрийн 130-140 хоногийн хэрэглээг татан авсан гэсэн үг юм. Манай компанийн хувьд нийслэлийн 200 мянган өрхийг энэ өвөл шахмал түлшээр тасалдах, гал алдуулах ямар нэгэн эрсдэл байхгүй. Үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа.

"Тавантолгой түлш" ХХК-ийн зүгээс нийслэлчүүдэд гал алдуулахгүй гэх "амлалт"-ыг өгч байна. Өөрөөр хэлбэл, тэдний зүгээс нөөц хангалттай байгаа гэх мэдээллийг өгөв.

-ЭХЯ: Хагас коксжуулсан шахмал түлшийг лабораторийн туршилтад ашиглах зорилгоор бага хэмжээтэй оруулж ирсэн, иргэдэд тараагаагүй-

Харин БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс оруулж ирж, гэр хорооллын айл өрхүүдэд тарааж байна гэх мэдээллийг салбар яам үгүйсгэв. Энэ талаар Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Өмнөх жилүүдэд 40-70 мянган тонн нөөцийг бэлтгэдэг байсан. Энэ жилийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120 мянган тонн шахмал түлшний нөөцийг бэлтгэсэн. Энэ бол нийслэлийн хэмжээнд хангалттай нөөц.

БНХАУ-аас шахмал түлш оруулж ирж, гэр хорооллын айл өрхүүдэд тарааж байна гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ.

Бид утааг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид түүнээс давсан үзүүлэлтийг гаргахын тулд одоо хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшээ хөгжүүлэх шаардлагатай. Энэ зорилтын хүрээнд хэд хэдэн туршилтын ажлууд хийгдэж байгаа.

Тухайлбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой богино, урт, дунд хугацааны бодлого гаргаад явж буй. Энэ хүрээнд хагас коксжуулсан түлшийг лабораторийн туршилтын журмаар тодорхой хэмжээний тонныг оруулж ирээд судалгааны ажил хийгдэж байгаа гэх мэдээлэл бий” гэв.

-Хагас коксжуулсан түлшийн туршилтыг ТАВАНТОЛГОЙ ХХК хийгээгүй-

Эрчим хүчний яамд байгаа мэдээллээр БНХАУ-аас оруулж ирсэн гэх хагас коксжуулсан түлшийг туршилтад ашиглах зорилгоор оруулж ирсэн гэх. Тэгвэл эл туршилтыг "Тавантолгой" ХХК дээр хийсэн үү. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх "Манай компанийн хувьд БНХАУ-аас түлш оруулж ирж туршсан тохиолдол байхгүй. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо дээр хагас коксжуулсан нүүрсийг зөвхөн лабораторид бага хэмжээний дээж оруулж ирж туршсан гэх тайлбарыг өгсөн байсан. Бидний хувьд эл ажлын тал дээр ямар нэгэн мэдээлэл байхгүй.

Цаашид шахмал түлшийг хэрхэн хөгжүүлэх ёстой юм бэ гэдэгт Япон улсын инженерийн багтай хамтарсан судалгааг олон төрлийн түлш ашиглах хийж байгаа юм билээ. Энэ шугамаар туршилтууд хийгдсэн байх. Түүнээс биш Тавантолгой түлш ХХК ямар нэгэн байдлаар хагас боловсруулсан нүүрсний туршилт хийсэн зүйлгүй” гэв.

-АГУУЛАХААС: 1000 мкв талбай бүхий нэг агуулахад л гэхэд 2115 тонн түлшийг нөөцөлжээ-

Нийслэлийн хэмжээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн нийт 97 түлшний нөөц хадгалах агуулах байгаа. Харин бид "нөөц хангалттай" гэх мэдээллийг баттай эсэхийг нүдээр харж баталгаажуулахаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Баянхошуу агуулах дээр ирэв. Агуулахын үүд онгоймогц зай засваргүй хураасан сайжруулсан шахмал түлш байв. Эл агуулах нь нийт 1000 мкв талбайтай ба 2115 тонн түлшийг нөөцлөн хадгалжээ. Эл агуулах дахь нөөцийг есдүгээр сарын 2-ноос эхлэн бүрдүүлж эхэлжээ.

Өнгөрсөн жилийн хувьд 50 агуулахад 70 мянган тонн түлшийг нөөцөлж байжээ. Харин энэ жил агуулахын тоо 50-иас 97 болж, нөөцийн хэмжээ 70 мянгаас 120 мянга болж нэмэгдсэн байна.

-Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор шахмал түлшний нийлүүлэлт өссөн-

Хүйтний эрс чангарсан сүүлийн 2-3 өдрийн хугацаанд шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж, энэ хэрээр нийлүүлэлтийн хэмжээ өссөн талаар албаныхан хэлж байна. Тодруулбал, цаг агаар харьцангуй тогтвортой байх үед нийслэлд 2000-2500 тонн сайжруулсан түлшний нийлүүлэлтээр Улаанбаатар хот хангагддаг байсан. Харин гурав хоногийн өмнөөс энэ хэрэглээ 3200-3800 тонн болж өсчээ. Иймд зөрүү 1000 орчим тонн түлшийг агуулахуудаас гаргаж, түгээлтээ хийж байгаа аж.

Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар өсжээ
Гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар өсжээ
 
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.