Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ялалт: Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхгүй бол тайзан дээр гарахын хэрэг ЮУН

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
11 минут 11 секунд

Улсын Драмын Эрдмийн Театр 92 дахь үзвэрийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох "Сычуаны сайн хүн" жүжгээр нээж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Отгон найруулагч Э.Ёндоншаравын найруулсан энэхүү бүтээл алга ташилтын буухиаг таслахгүй байгаа нь өвөрмөц хэв маяг, уламжлалт арга барилыг халсанд байгаа биз.

Тайзны урлагаас 10-аад жилийн хугацаанд хөндийрөөд байсан ч УДЭТ-ын тайзан дээр од мэт гялалзаж, нисгэгч Ян Суны дүрийг чадварлаг бүтээсэн эрхэм бол жүжигчин, СТА Н.Ялалт байлаа. Иймд бид жүжигчин Н.Ялалттай шинэхэн уран бүтээлийнх нь талаар хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд баяр хүргэе. Таны хувьд анх удаа театрын мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байгаа гэж дуулсан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Би анх удаа албан ёсоор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин гэж цоллогдож байгаа. Өмнө нь театрын тайзан дээр бусад хувийн продакшнуудын найруулан тавьсан жүжгүүдэд оролцон, тоглож байсан. Тайзан дээр хамгийн сүүлд Х-ТҮЦ продакшны "Сэрүүн хасын нууц" жүжигт тоглож байж. Түүнээс хойш 10-аад жил өнгөрсөн байна.

Тэгэхээр 10 жилийн дараа УДЭТ-ын жүжигчин хэмээх статустайгаар анхны гол дүр болох "Сычуаны сайн хүн" жүжгээр тайзан дээр гарч үзэгч түмэнтэйгээ уулзаж байна. Жүжиг нээхээс өмнө түгшсэн, айсан мэдрэмж төрж байсан. Өөрийнхөө хэмжээнд, боломжоороо хичээн ажиллаж байна. Хамт олон маань, найруулагч маань итгэл, сэтгэл, урмаар тэтгэж байгаа учраас санасныг бодвол амжилттай байна гэж бодож байна.

-Танд "Сычуаны сайн хүн" жүжгийн гол дүрд тоглох үүрэг хэрхэн оногдов. Гол дүрийн жүжигчнээр ажиллаач гэсэн урилга ирэв үү?

-Бид урилгаар дүр авдаг хүмүүс биш шүү дээ. Театрын жүжигчид бол албан ёсны ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Дүрийн хувьд найруулагч хуваарилалтыг нь хийдэг. Бидэнд ямар нэг санал оруулах, хооронд нь өрсөлдүүлэх зэргийг найруулагч шийднэ.

Энэ удаагийн жүжигт жүжигчин Б.Хулан бид хоёр гол дүрийн жүжигчнээр ажиллаж байна. Тиймээс маш их үүрэг хариуцлага оногдсон. Энэ хариуцлагыг даагаад, үүргээ биелүүлээд явна гэдэг нь жүжигчин хүний хамгийн том үүрэг хариуцлага.

-Жүжиг нээлтээ хийснээс хойш хүмүүсийн сэтгэгдлийг сайтар ажлаа. Гэтэл үзэгчид жүжигчин Н.Ялалт тоглож байгаа учир үзэхийг хүсч байна. Маш сайн жүжигчин гэх зэрэг эерэг сэтгэгдлүүд үлдээсэн байна лээ. Тийм ч учраас жүжгийг өөрийн биеэр үзэж сонирхоход өөрөөр тань маш их бахархлаа. Та жүжгийн гол дүр "Нисгэгч Ян Сун" шиг УДЭТ-ын тайзан дээрх "Нисгэгч Н.Ялалт" байлаа. Та өөрийнхөө дүрийн талаар ярихгүй юу?

-Мянга сонсохоор нэг үз, чих худалч нүд үнэнч зэрэг сайхан үгнүүд бий. Яг үүнтэй адил үзэгчид маань өөрсдийн нүдээр ирж үзвэл илүү сайхан байх.

Таны хэлсэнчлэн үзэгчдээс их гоё эерэг сэтгэгдлүүд авч байна. "Н.Ялалтыг тайзан дээрээс харахад сайхан байна, театрын тайзан дээр байх ёстой хүн, театр зөв хүнээ авсан байна, зөв газраа ирсэн байна" гэх мэтчилэн урмыг үгсийг сонсоход маш таатай байгаа.

Тиймээс тэдгээр хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь миний хувьд хамгийн том үүрэг шүү дээ. Энэ үүргээ биелүүлэхийн тулд би маш хариуцлагатай, мэргэжлийн хувьд өндөр түвшний, сэтгэлзүй, бие бялдарын хувьд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Тиймээс маш их хичээж байна. Хичээлийн маань үр дүн юун дээр илүү харагдах вэ гэхээр бүтээж байгаа дүр дээр харагдана. Миний хичээлийн үр дүн, хэрхэн хичээж байгааг харахыг хүсвэл та бүхэн УДЭТ-ын тайзнаа тоглогдож буй "Сычуаны сайн хүн" жүжгийг заавал үзээрэй гэж хүсч байна.

-Анх зохиолыг уншихад ямар мэдрэмж төрөв?

-Анх зохиолоо уншихад "Ян Сун" гэдэг дүрийг өгнө гэж би огтхон ч бодоогүй. Надаас хамаагүй залуу нисгэгчийн дүр шүү дээ. Тиймээс анх би энэ "Усны худалдаачин"-д тогловол дөхөх юм байна даа гэж бодож байсан.

Гэтэл найруулагч дүр хуваарилахад "Нисгэгч Ян Сунд Ялалт" гэж хэлсэн. Энэ бол хамгийн эхний гэнэтийн билэг байсан. Би гэж үү гээд маш их цочирдож хүлээж авсан.

Гэхдээ жүжигчин хүн өөрөө шуналтай учраас найруулагчийнхаа итгэж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх нь хамгийн том хариуцлага. Түүнээс гадна энэ бол мэргэжлийн жүжигчний үүрэг. Харин энэ ажлаа дутуу хийж болохгүй эсвэл өөртөө итгэлгүй байж болохгүй. Тиймээс өөрөө өөртэйгээ хамгийн их ажиллах ёстой. Олон жилийн хугацаанд тайзан дээр гараагүй учир самгардах, түгших мэдрэмжүүдээ их дарсан.

Өөртэйгөө маш их ярилцсан. "Ялалтаа чамд хүн итгэж байна, хийх ёстой. Тайзан дээр байх ёстой хүн шүү. Хэрэв чадахгүй бол чадах хүнд нь хоёр гараа өргөөд зайгаа тавьж өгөөрэй" гэх зэргээр өөртэйгөө маш их ярилцдаг.

-Жүжгийн дундуур та партнер Б.Хулантай нэг хэсэг хором ярилцдаг шүү дээ. Тэгэхдээ зүгээр л жүжгийн талаар биш жүжигчний талаар яриа өрнүүлдэг. Та тухайн үед хэлсэн үгээ уншигч, үзэгчдэд маань зориулаад хэлээд өгөөч?

-Партнер маань "Үнэхээр та партнердоо дурлахгүй бол үзэгчид итгэхгүй шүү дээ" гэдэг. Үүнд нь би "Үзэгчдийг итгэтэл тоглож чадна гэдэг нь л мэргэжлийн жүжигчин хүний ур чадвар биз дээ" гэж хариулдаг.

Ер нь бол би яг ингэж боддог. Манай жүжигчид бүгд л тэгж ажилладаг байх. Бид л бусдыг итгүүлж, үнэмшүүлж чадахгүй бол өөрийнхөө эд эсийг шатаах хэрэггүй байх. В.Инжинаш ийнхүү хэлсэн байдаг "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн бийрийг хөшөөд юу хийнэ" гэж. Үүнтэй адил бид ч мөн адил хүний сэтгэлийг хөдөлгөхгүй бол тайзан дээр гарахын хэрэг юун. Тайзан дээр гарсан л бол бид үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, оюуны таашаал хүргэж, эргэцүүлэх сэдлийг төрүүлэх ёстой. Энэ бол бидний үүрэг.

-Жүжгийн найруулга маш өвөрмөц санагдлаа. Тухайлбал, гэрэлтүүлэгч жүжгийн дундуур жүжигчидтэй харилцаа үүсгэх, тайз засах, жүжигчид дүрээсээ гарч өөрийн хувь хүн рүү шилжих, хөгжим, мэдрэмж бүгд нэгэн зэрэг өмнө огт мэдэж, мэдэрч байгаагүй зүйлүүд тус жүжгээр илэрсэн. Тиймээс жүжгийн найруулгын талаар хэсэг ярилцъя?

-Найруулагч маань СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд, ОХУ-ын Москва хотод "ГИТИС-Театрын их сургууль"-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Э.Ёндоншарав гэдэг залуу бий. Жүжиг маань Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн зохиол. Өөрийн гэсэн арга барилтай. Тиймээс энэ хүний жүжиг тавих арга барил нь бидний үзээд байгаа уламжлалт арга барилаас тэс өөр. Тиймээс уг суут хүний бүтээлийг өөрийнх нь арга барилаар шинэхэн найруулагч маань зоригтойгоор тавьж, УДЭТ-ын удирдлага, жүжигчид дэмжин ажилласан нь энэ амжилтад хүрэх хамгийн том түлхүүр болсон байх.

Зохиол маань өөрөө маш өвөрмөц, ондоо аргачлалаар хийгдсэн учир үзэгчдэд их өөр өвөрмөц мэдрэмж төрдөг. Тиймээс эхний оролдлого бол хамгийн хэцүү байдаг ч бид эхнийхээ хаалгыг нээж чадлаа гэж би хувьдаа бодож байгаа.

-Нэг асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх. Учир нь жүжгийн асуулт шүү дээ. Таны бодлоор сайн хүн гэж яг хэн юм бэ?

-Өөрийнхөө сайн чанаруудыг муу чанараасаа илүүтэйгээр асааж чадсан хүн нийгэмд сайн хүн болж харагддаг. Хүн бүрийн дотор бурхан, чөтгөр хоёр зэрэг оршиж байдаг. Магадгүй бурхан нь сэрээд зөв үйлдэл хийхэд хүмүүс энэ хүн сайн хүн гэж ойлгодог бол чөтгөр нь сэрээд буруу үйлдэл хийхэд энэ хүн муу хүн гэж хүлээж авдаг.

Хувь хүнийг сайн хүн гэж тодорхойлох хэцүү. Харин нийгмийн харилцаанд оролцож байж хүнийг сайн мууг таньж болдог гэж ойлгодог.

-Нийгэм нь хүнийг эвддэг, хүн нь хүнээ эвддэг яг ийм үзэгдэл маш олон бий. "Сычуаны сайн хүн" жүжигт ч мөн үүнийг илэрхийллээ. Тиймээс үзэгчдэд хандаж хэлэх сүүлийн үгээр ярилцлагаа өндөрлүүлье?

-Хэн ч нийгмийн харилцаанд орно. Дандаа сайн, сайхантай таарахгүй. Муу, муухайтай ч таарна. Харин муутай таарсан тохиолдолд өөрийнхөө сайн хүнийг муу муухайд сэвтээхгүйгээр авч үлдэж, бусдад сайнаар нөлөөж чадах нь сайн хүн байхын, эерэг хүн байхын хамгийн чухал алхам байх. Тиймээс бид өөрийгөө муу, муухайгаас хамгаалах хэрэгтэй. Харин өөрт байгаа сайн, сайхнаа бусдад түгээх хэрэгтэй. Хэрэв хүн бүр ингэж чадвал дэлхий диваажин болно.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Сумъяабазар: Туул, Сэлбийн төслийг Д.Сумъяабазар, Б.Цэцэг хоёр удирдаад хийх гэж байгаа юм биш. Мэргэжлийн улсууд орж ажлыг нь хийнэ
Д.Сумъяабазар: Туул, Сэлбийн төслийг Д.Сумъяабазар, Б.Цэцэг хоёр удирдаад хийх гэж байгаа юм биш. Мэргэжлийн улсууд орж ажлыг нь хийнэ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.