Өнгөрсөн бямба гарагт Колорадо мужийн Колорадо Спрингс хотын ЛГБТК шөнийн клубт 22 настай зэвсэгт этгээд гал нээж, таван хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулжээ. Клубт байсан залуучууд тус этгээдтэй тэмцэлдэж, халдлагыг зогсоосон байна.
Колорадо Спрингс хотын цагдаагийн дарга Адриан Васкез "Q клубт халдлага үйлдсэн сэжигтнийг Андерсон Ли Олдрих гэдэг. Тэрбээр буудалцаандаа урт буу ашигласан бөгөөд хэргийн газраас хоёр галт зэвсэг олдсон. Клуб дотор байсан хоёр иргэн зэвсэгт этгээдтэй мөргөлдөж, тулалдаж, олон хүний амь эрсэдэхээс сэргийлсэн. Бид тэдэнд маш их талархаж байна. Бас их өртэй боллоо" гэжээ.
Мөн тэрбээр "Q клуб нь манай ЛГБТК иргэдийн аюулгүй газар юм. Иргэн бүр манай хотод аюулгүй амьдрах, зугаалах эрхтэй" гэжээ.