
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин үйлчлэгч эмэгтэйн тухай "Боолчлогч" нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Нэвтрүүлгээр "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн 4 хүүхэдтэй эмэгтэйг Б.Эрдэнэбатынхан цалингүй ажиллуулж, боолчлон, Б.Эрдэнэбатын том хүү Э.Жаргалан /Жажа/ байнга зоддог байсан, учир битүүлгээр амиа алдсаных нь дараа цогцсыг нь ар гэр рүү нь явуулахдаа зүрх, бөөрийг нь авч үлдээд явуулсан байсан тухай ар гэрийнхэн нь нулимстай ярьсан нь нийгмийг цочирдуулж, айдаст автуулаад буй юм.
2011.06.19
ТЕРРИЛ АТИЕНЗА МОНГОЛД ИРЭВ
Филиппин Улсын иргэн Террил Атиенза "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгч хийхээр Монгол Улсад ирэв. Сингапур Улсад гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа нөхөр хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байсан тэрбээр Монголд ирснээсээ хойш ар гэрийнхэнтэйгээ холбоо тасарчээ. Шалтгаан нь гар утас болон зөөврийн компьютерийг нь хурааж авсан тул ийнхүү холбоо тасарсан гэдгээ 5 сарын дараа буюу 2011 оны 11 сард гэрийнхэнтэйгээ холбогдохдоо хэлж, "Гэрийн эзний том хүү Э.Жаргалан байнга зоддог. Гэртээ харьмаар байна" гэж хэлсэн гэдгийг түүний нөхөр Нило Атиенза "Боолчлогч" нэвтрүүлгийн үеэр онцолсон байдаг. Мөн тэрбээр, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатынх эхнэрт нь нэг ч төгрөгийн цалин өгөөгүй гэдгийг ч учирлажээ.
2011.11.20
ТЕРРИЛ АТИЕНЗА УЧИР БИТҮҮЛГЭЭР АМЬ НАСАА АЛДАВ
Цагдаагийн байгууллагад "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэрийн үйлчлэгч Филиппин Улсын иргэн 34 настай Террил Атиенза гаднаа ил харагдах шархгүй учир битүүлгээр нас барсан гэх дуудлага мэдээлэл иржээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад, "Гаднаа олон тооны шарх гэмтэлтэй, хутга мэт зүйлээр үүсгэгдээд эдгэсэн шарх сорвитой эмэгтэй хүний цогцос байжээ. Тухайн шарх сорви, харагдах байдлыг фото зургаар баримтжуулж, бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэж дүгнээд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн нарыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
2011.12.15
ҮХЛИЙН ШАЛТГААН УРЬДЧИЛСАН БАЙДЛААР "ХУРЦ ХОРДЛОГЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН" ГЭЖ ГАРЧЭЭ
Удалгүй тус хэргийг шалгаж байсан н.Мөнхзул гэх мөрдөгч учир битүүлэг шалтгаанаар хэргээс шахагдаж, Г.Ганхүү гэх хүн хэргийг шинээр хариуцжээ. Түүгээр ч зогсохгүй үхлийн шалтгааныг дүгнэх шүүх эмнэлгийн дүгнэлт "Урьдчилсан байдлаар шалтгаан тодорхойгүй хурц хордлогын шинж тэмдэг илэрсэн" гэж гарчээ. Тус дүгнэлтийг шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, А.Амгаланболд, Б.Ууганбаяр нар гаргажээ.
Д.Сэргэлэн өргөмжит консулаар ажиллаж, дүгнэлт гаргасан шинжээч А.Амгаланболд ШШҮХ-ийн ШАУШГ-ын даргаар ажиллаж байна.
2012.01.20
ПРОКУРОРООС ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮНГҮЙ ГЭЖ ҮЗЭН ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ САНАЛ ГАРГАВ
Улмаар 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр тус хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурор гаргажээ. Тус тогтоолд Террил Атиензагийн биед үүссэн байсан шарх сорвийн талаар огтхон ч дурьдаагүй бөгөөд "Террил Атиензагийн биедээ ил харагдах шарх гэмтэлгүй нас барсан хэрэгт мөрдөн байцаалт явуулж, зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан болох ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2220 акт дүгнэлт, гэрч, Ө.Сарангэрэл, А.Амгаланболд, Б.Ууганбаяр, С.Бэхбат нарын мэдүүлгүүд, хэргийн газрын болон цогцосны үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна" гэжээ.
Талийгаачийн цогцос Филиппин Улсад очиход ар гэрийнхэн нь цочирдож, хоёр дахь удаагийн задлан шинжилгээг хийлгэхэд талийгаачийн биеэс хорт бодис илрээгүй бөгөөд хутгалсан бас түлэгдсэн ул мөрөөс гадна хэд хэдэн гүн шархтай байсан гэдгийг амь хохирогчийн нөхөр онцолсон байдаг. Түүгээр ч зогсохгүй зүрх болон бөөр нь байхгүй байсан гэдгийг Боолчлогч нэвтрүүлгийн үеэр хэлсэн юм. Тэд ээжийнх нь, эхнэрийнх нь цогцос яагаад бүтэн ирээгүй. Үхлийн жинхэнэ шалтгаан нь юу байв гэдэг асуултад хариулт хайсаар 14 жилийг үдсэн гэдгээ Сэтгүүлч С.Будрагчаагийн Боолчлогч нэвтрүүлэгт оролцохдоо хэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсэж, уг хэргийг шударгаар шийдэх өгөхийг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг. Улмаар хохирогчийн ар гэрээс нэг хүн Монголд ирж, хэргийг дахин сэргээж шалгах хүсэлт гаргавал сэргээх боломжтой гэдгийг ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлэгтээ дурдаж, хохирогчийн ар гэрийн нэг хүнийг авч ирэх хандивын зардлыг Монголчуудаас хүссэн юм.

Тус хандив хэдхэн хоногийн өмнө цугларч, өчигдөр буюу 2025 оны 12 сарын 15-ны өдөр Террил Атиензагийн нөхөр болон хоёр охин нь Монголд ирлээ. Монгол түмэн хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхэд нэмэр болох үүднээс хандивт нэгдсэнээр 60 гаруй сая төгрөг цугларч, уг мөнгийг сэтгүүлч С.Будрагчаа өчигдөр Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза, бага охин Найла нарт хүлээлгэж өгсөн юм.
"Монголчууд та бүхний дунд ээж минь байгаа юм шиг дулаахан санагдаж байна. Ээжийн минь сүнс одоо л тайван нойрсох байх"

Террил Атиензагийн том охин Риел Атиенза монголд газардсныхаа дараа мэдээлэл хийх үеэрээ "14 жилийн турш бид хоосон бас ядуу байсан. Бид 14 жил хүлээсэн, гуйсан. Хоосон орон зай руу хашгирсан. Бидэнд хэн ч байгаагүй. Хэн ч туслаагүй. Манай улс, Засгийн газар хэн ч биднийг хайхраагүй. Филиппинчүүд зөвхөн баян хүнийг л хамгаалдаг. Ядуу хүмүүсийг хэзээ ч хамгаалдаггүй. Урт хугацааны турш бид чимээгүй байсан. Мөн Монгол гэхээр надад үхлийн тухай бодогдож, маш харгис, хүйтэн мэдрэмж төрүүлдэг байсан. Өнөөдөр энэ онгоцноос буух хүртлээ би яг л адилхан зүйлийг мэдэрч байсан. Учир нь миний ээж яваад эргэж ирээгүй газарт ирж байгаа учраас маш их айсан. Гэхдээ онгоцноос буугаад Монголчуудын халуун дулаан сэтгэлийг мэдэрлээ. Бидний энд зогсож байгаа нь та нарын хүч, сайхан сэтгэлийг үр дүн гэдгийг улам ихээр мэдэрч байна. Миний хүсэл биелсэн анхны шинэ жил энэ жил байлаа. Монголчууд та бүхний дунд ээж минь байгаа юм шиг дулаахан санагдаж байна. Бас би хэзээ ч өмнө нь цас харж байгаагүй. Надад итгэмээргүй үлгэрийн юм шиг санагдаж байна. Бид нарт тусламж үзүүлсэнд биш, анхаарал хандуулсанд биш хүнлэг сэтгэл гаргасанд Монголчууддаа баярлалаа. Бид монгол гэр бүлтэй боллоо. Ээжийн минь сүнс одоо л тайван нойрсох байх. Та бүхний тус, хүнлэг сэтгэлийг бид хэзээ ч мартахгүй. Гэртээ, хүүхдүүддээ ирэхийг маш их хүсэж байсан ээжийнхээ яагаад ирж чадаагүй шалтгааныг хайхаар, жинхэнэ үнэнийг мэдэхийг хүсэж байна. Гэртээ ирэхийг тэгж их хүсэж, хүлээж байсан ээж минь яагаад амиа хорлоно гэж гэдгийг асуумаар байна. Миний ээжийн зүрх байгаагүй. Яасныг би асуумаар байна. Ээж минь амьд үлдэж, хүүхдүүддээ эргэж очихын тулд амиа хамгаалан тэмцсэнийг задлан шинжилгээний хариу харуулсан. Түүнийг яргалж, зүрхийг нь авч, тамхины цогоор олон түлсэн байсан гэж эмч нар хэлсэн. Миний ээжийн зүрхийг хэн авсан. Яагаад энд амьсгал хураасан бэ гэдгийг мэдэхийг хүсэж байна. Энэ боломжийг олгосон бүх монголчууддаа баярлалаа" гэв.
БИД ЭНД МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ИРЭЭГҮЙ. ШУДАРГА ҮНЭНИЙГ МЭДЭХИЙН ТУЛД ИРСЭН

Харин Террил Атиензагийн нөхөр Нило Атиенза "Манай гэх бүл та бүгдэд маш их баярлаж байна. Хүнлэг, халуун дулаан хүлээж авсанд талархаж байна. Би 4 хүүхдийнхээ ээж, ханиа алдсан хүн байна. Миний эхнэр энд ажиллах гэж ирсэн. Гэвч тэр энд ирээд амиа алдсан. Тэд бидэнд нойрсуулах эм ууж амиа хорлосон гэж хэлсэн. Би итгэхгүй байгаа. Манай гэрт амиа хорлох ямар ч асуудал үүсээгүй. Миний эхнэрт амиа хорлох шалтгаан байхгүй. Учир нь тэр гэртээ ирэхийг, хүүхдүүдтэйгээ уулзахыг маш их хүсэж байсан. Цогцсыг нь хүлээж авахад маш хүнд бэртэлтэй байсан. Зүрх нь бас бөөр нь байгаагүй. Би эндээс эхнэрийнхээ зүрхийг олох боломж олдох болов уу гэж найдаж байна. Тэгвэл миний сэтгэл амарна. Миний эхнэрийг яг амьтан шиг үзсэн. Бид харь орноос ирсэн, огт танихгүй хүмүүс ч гэлээ халуун сэтгэлээр тусалж энд авч ирсэн та бүгдэд баярлалаа. Бид энд мөнгөний төлөө ирээгүй. Шударга үнэнийг мэдэхийн тулд ирсэн. Монголын Засгийн газар хэргийг үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна" гэлээ.
БИ ЭЭЖДЭЭ ХЭЛМЭЭР БАЙНА. "БҮХ МОНГОЛ ХҮН МУУ ХҮН БИШ, ТА Л АЗГҮЙ БАЙЖЭЭ" ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Түүний бага охин Найла "Би 10-хан настайдаа ээжийгээ алдсан. Хэтэрхий жаахан байсан. Бид 14 жил хүлээсэн, гуйсан. Хоосон орон зай руу хашгирсан. Бидэнд хэн ч ирээгүй, хэн ч туслаагүй. Би ээжийгээ тэвэрмээр байна. Би ээждээ хэлмээр байна, "Бүх монгол хүн муу хүн биш, та л азгүй байжээ" гэж хэлэхийг хүсэж байна. Ээж минь үгүй болсноос хойш бүх зүйл хоосон гудамжууд л болсон. Ээжийнхээ нэрийг дуудаад орилж байсан тэр жагсаалыг санадаг. Дэлхий ээжийг минь залгичихаад, биднийг хаячихсан л юм шиг санагддаг байсан. Бидэнд үлдсэн ганц зүйл бол уй гашуу. 14 жилийн урт хугацааны дараа нэгэн сэтгүүлч ирж, биднийг сонсож, шударга ёсны дуу хоолой болсон. Хүн чанарын гараа сунгаж, биднийг босгосон. Энэрэл нигүүлсэл, хүн чанар гэдэг зүйл хил хязгаар үл харгалздаг юм байна. Бидэнд тусласан, бидэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй байсан монголын ард түмэн та бүхэнд баярлалаа. 14 жилийн дараа ч хайр бүдгэрдэггүй, 14 жилийн дараа ч итгэл найдвар биелэлээ олдог юм байна" гэв.
Тэд нулимс дуслуулан Монгол түмэнд хандаж мэдээлэл хийгээд монгол түмний урьдчилж бэлдсэн дулаан хувцсыг өмсөөд, охид нь цас харж баярлан хөөрсөөр хөдөлсөн юм. Өнөөдөр тэд УЕПГ-т хэргийг нээн шалгуулах хүсэлтээ албан ёсоор гаргах юм. Уг хэрэг хэрхэн шийдэгдэхийн Монгол болон Филиппиний ард түмэн харж байна.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!