Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

19 настай ГАНЦ БИЕ ЭЭЖ: 6 сартай хүүхэдтэй надад эгч минь өөрийнхөө бага насны хоёр хүүхдээ үлдээгээд сураггүй болсон ч нэг л өдөр ЭРГЭЭД ИРНЭ ЭЭ гэж итгэдэг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 26 секунд

Нийслэл хотын хаа нэгтээ. Эмх цэгцтэй, цэвэрхэн, дулаахан монгол гэр.

Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Бурхан хүнд дааж чадах ачааг нь үүрүүлдэг хэмээх авч заримд нь бүр ахадсан ачааг үүрүүлэх нь бий. Магадгүй таны төсөөлж ч байгаагүй бүр төсөөлж ч чадахгүй амьдралыг өөр хэн нэгэн туулж яваа байх.

19-хөн настай ч өврөөсөө унагасан нялх үрээ, энгэрээсээ зүүгдсэн хоёр бяцхан дүүгээ хүний дор оруулчихгүй, хөргөж, дааруулчих вий гэсэндээ амьдралд шүд зуун тэмцэж яваа энэ бяцхан охиныг ТЭР гэдэг.

"Түүний тухай" булангийнхаа удаах зочноор энэ охиныг урин оролцуулж, хэсэг хугацаанд ч гэсэн дотоод хүнтэй нь хөөрөлдөв. Өлгийтэй бяцхан үр нь 6 сар гарантай гэнэ. Өврөөсөө холдуулдаггүй бага дүү нь нэгдүгээр анги, өөрийг нь хамгаалах уул шиг сэтгэлтэй удаах дүү нь дөрөвдүгээр анги гэнэ. Хоёр бяцхан дүүгийнх нь ээж охины төрсөн эгч бөгөөд хоёр хүүгээ орхиод жилийн өмнө сураг алдарчээ.

"Тэр" дээрээ нэг ах, нэг эгчтэй юмсанж. Эгч нь орхиод явсан ч ах нь үргэлж харж хандаж, эргэж, тойглодог аж. Хэдий хажууд нь байдаггүй ч хэрэгтэй бүхнээр тусалж дэмждэг тул ахдаа ихээхэн баярлаж, хайрлаж явдгаа илэрхийлж байв.

Гэхдээ хаалга онгойх бүрийд эгчийгээ ирж байна уу хэмээн чимээ чагнан хүлээнэ. Энэ л янзаар хүлээсээр хэдийнээ нэгэн хавар, нэгэн намрыг үджээ. Магадгүй төрөхийн орон дээр гарахдаа ч, ангир уургаа хүүдээ амлуулахдаа ч тэр ганцхан эгчийгээ хүлээж байсан биз.

Одоо ч хүлээсээр. Цаашид ч хүлээнэ. "Эгч минь нэг л өдөр хаалга онгойлгоод ороод ирнэ, хүрээд ирнэ, би мэдэж байна" хэмээн итгэл төгс хэлэх авч цаанаа хөнгөн гунигтай. Бас айдастай.

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа ч аль хэдийнээ замынхаа талыг туулжээ тэр. Анх гурван жаахан хүүхэд бие биенээ гэсэн халуун хайраар амьдарч байсан бол өнөөдөр өнөр өтгөн амьдарч байна. Эхэндээ хэцүү санагдаж, уйлмаар бас хэн нэгэнд эрхэлмээр, гунигаа хуваалцмаар байсан ч наашаа гэх хүн үгүй тул ганцаар гунигладаг байснаа ч нуулгүй хуваалцав.

Гэхдээ тэр одоо ганцаараа биш. Гунигаа хуваалцах, сэтгэлээ уудлах найзтай. Хүү нь төрөхөд ч, одоо ч бас хамт. Ямарсайндаа л хүүгийн минь хоёр дахь ээж, миний эр нөхөр шиг байдаг хэмээх энгийн үгсээр үргэлж баярлаж явдгаа найздаа илэрхийлж байв. Магадгүй хүний жинхэнэ найз гэж түүнийг л хэлэх биз. Ингэж бодох төдийд битүүхэн атаархал төрж байснаа нуух юун.

Тэр хэнд ч гомддоггүй, буруу өгөхийг хүсдэггүй бүр шантрахгүй хэмээнэ. Хүүгээ төрүүлсэндээ ч харамсдаггүй. Ээждээ л ирэх гэж ирсэн үр минь хэмээн хайрын үгсийг унагана. Хүү минь уйлдаггүй, дүү нар минь зовоодоггүй, эгчдээ үргэлж тусалж дэмждэг тул одоо огтхон ч хэцүү санагддаггүй гэнэ.

Гэхдээ хүүхдийнхээ 100 мянган төгрөг дээр цалинтай ээжийн 50 мянган төгрөг. Нийлээд 150 мянган төгрөгөөр л амь зуух авч, сайхан сэтгэлт ээж нар ч түүнд тусалдаг гэнэ. Гэхдээ зарим нь хүний амьдралд хошуу нэмж, зэмлэж, загнах үе ч бишгүй гарч байж. Заримдаа тэдэнд гомдоно. Заримдаа орхино. Зовлон үзсэн эмэгтэй, зовж буй нэгнээ ойлгодог юм байна лээ хэмээн насандаа байхгүй ухаан, зориг тэвчээр гаргах нь түүнийг ямар их сэтгэлийн тэнхээтэй нэгэн бэ гэдгийг илтгэж байв. Магадгүй тэр хүний амьдралд заяасан хамгийн мундаг ээж, эгч, дүү, найз биз.

Энэхүү нийтлэлээрээ 19-хөн настай ТЭР охины муу, муухайг дурдах гэсэнгүй харин амьдралын төлөө тэмцэж, үрийнхээ бас дүү нараа хэний ч дор оруулахгүйн тулд хичээж яваа энэ охины сайн сайхныг харуулахыг зорив. Бид бие биенээ ямар амьдрал туулж явааг мэдэхгүй тул үргэлж сайхан харьцацгаая.

"Би өөрийгөө гурван хүүгийн ээж гэж боддог. Магадгүй хэзээ нэгэн өдөр би гурван том залуугийн хажууд гунхсан сайхан эмэгтэй явж байх ч юм билүү"

МУИС 80 жилийнхээ ойн хүрээнд шилдэг 80 төгсөгчөө шалгаруулна
МУИС 80 жилийнхээ ойн хүрээнд шилдэг 80 төгсөгчөө шалгаруулна
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.