Өнгөрөгч оны долдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд бүлэг хүүхдүүд зодолдож, 18 настай эрэгтэй Д нь “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар хэргийн газраас зугтсан гэмт хэрэг гарсан байдаг. Эл хэргийн газрын дүрс бичлэгийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс 1.2 жилийн зорчих эрхийг нь хязгаарлах ял сонссон No double standart хөдөлгөөний үүсгэн байгуулагч иргэн Э.Одбаяр цахим сүлжээнд ил болгосон. Харин тэрбээр Дорнод аймагт гарсан автомашинаар хүн дайрч гэмтээсэн гэмт хэргийг Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд үйлдсэн хэмээн худал мэдээлсэн хэрэгт буруутайд тооцогдсон. Тэгвэл Дорнод аймагт болсон эл хэргийн процесс хууль хяналтын байгууллагад ямар шатандаа яваа талаар УЕПГ-аас тодрууллаа.
-Дорнод аймагт 18 настай эрэгтэй бусдыг автомашинаар дайрч, хүнд гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарсан. Эл дүрс бичлэгийг цахимд ил болгосон иргэн Э.Одбаяр шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Үүнтэй холбоотойгоор Дорнодод болсон эл хэргийг хаасан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?
-Э.Одбаярын фэйсбүүк, твиттер хуудсан дээрээ бичсэн посттой холбогдох эл хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Дорнод аймгийн прокурорын газарт тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн. Одоо прокурор хянаж байна.
-Хэргийн процесс яагаад ийм удаашралтай байна вэ. Өмнө шүүхээс мөрдөн байцаалтад буцсан гэж сонссон?
-Тус аймгийн прокурорын газраас өмнө нь 2021 оны 11 дүгээр сард дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан. Тухайн үед шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж буцаасан бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхийн тогтоолд заасан нэмэлт ажиллагаануудыг хийж гүйцэтгэн, хэргийг дахин шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорт ирүүлээд байгаа юм.
-Хэрэгт яллагдагчаар хэдэн хүнийг татан шалгаж байгаа вэ. Тэднийг ямар зүйл ангиар буруутган шалгаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хэрэгт нэр бүхий 10 хүнийг Эрүүгийн хуульд заасан “Хүнийг алахыг завдсан”, “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгасан байна.