Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг 2016 онд батлагдсан Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тогтоосон байдаг.
Хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход хамтарсан багийн үйл ажиллагаа хамгийн чухал гэж үздэг ч ажилчдад олгох цалин, урамшуулал хэт бага байдгаас үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг салбар зөвлөлийн төлөөллүүд санууллаа.
Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дүгээр зүйлд сум хорооны Засаг даргаар ахлуулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг ажиллахаар, 20 дугаар зүйлд хамтарсан багийн чиг үүргийг тус тус хуульчилсан бөгөөд хамтарсан багийн ажиллах, түүнийг санхүүжүүлэх журмыг Нийгмийн хамгаалал, Хууль зүйн болон эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/173, А/251, А/380 дугаар тушаалаар баталсан байдаг.
Тухайлбал, бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд 7-10 хоног шаарддаг бол бэлгийн хүчирхийлэлд өрсөн хүүхдэд 6 сараас 6 жилийн хугацаа зарцуулах ч тохиолдол байна. Гэтэл нэг хамтарсан багийн ажилтан сар 400-700 мянган төгрөгийн цалин, урамшуулал авч байгаа нь хүчирхийлэлд өртсөн гэр бүл, хүүхэдтэй харьцах, анхан шатны тусламж үзүүлэхэд хэтэрхий бага зардал гэж үздэг байна. Судалгаанаас харвал, жилдээ 5000-7000 кэйс дээр ажиллаж, анхан шатны туслалцаа авдаг бол нэг ажилтанд ногдох ачаалал харьцангуй их болохыг сануулж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг орон тооны бус байдлаар бага санхүүжилттэй ажиллаж байна
ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 21 аймаг, 9 дүүргийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагаа, төлөвлөлт болон тайланг хариуцдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд чиг үүргийн дагуу хамтарсан багийг тухайлан хариуцуулсан зохицуулалт байдаггүй. Тиймээс салбар дундын ажиллагаа болж байгаа.
Хамтарсан багт цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, төрийн бус байгууллагын төлөөлөл гээд сум, хорооны засаг даргаар ахлуулсан бүтэц байдаг. Гэхдээ энэ нь орон тооны бус, үндсэн ажлын хажуугаар хийдэг ажил. Тэгэхээр бидний тодорхой болгож шийдвэрлэх шаардлагатай нэг ажил бол хамтарсан багийн үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг тодорхой болгох, нэмэгдүүлэх асуудлыг хөндөх шаардлагатай байна.
Сүүлийн хоёр жил ковидын үе байсан. Тухайн үед санхүүжилттэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд байсан ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг хэрхэн юунд зарцуулах талаар хуульдаа нэг бүрчлэн заагаад өгчихсөн байгаа. Түүний нэг нь соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх болон хохирогчид үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын тодорхой үйлчилгээг санхүүжүүлэх явдал. Тиймээс цаашид хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай.
Эхний 10 сарын байдлаар хүүхдийн эсрэг хүчирхийллийн 32720 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦЕГ-ын ГБХХТГ-ын дарга Б.Баярбаясгалан: Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй холбоотой дуудлага, мэдээлэл эхний 10 сарын байдлаар 32720 бүртгэгдсэн байна. Нийт ирж байгаа дуудлага, мэдээллийн 7 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1415 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар өссөн.
Зөрчлийн тухай хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчих зөрчил гэж заасан байдаг. Энэ зөрчил эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 8441 бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зөрчлөөс 8269 иргэнд баривчлах шийтгэл, 320 иргэнд 42.6 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг, зөрчил өсөж дуудлага буурч байгаа мэдээлэл байна. Тэгэхээр эндээс гэр бүлийн хүчирхийлийг зөрчлийн шатанд нь илрүүлэх ажиллагаа сайн байна гэж харагдаж байгаа.
Хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын дата мэдээллийн сан үүсгэсэн
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи: НҮБ-ын Хүн амын сан бол Гэр бүлийн хангагдаагүй хэрэгцээ, урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг бууруулах зорилтот хөтөлбөрөөс гадна жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын байгууллага.
Төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг санаачлах, хуулийн хэрэгжилтэд бид холбогдох байгууллагуудтай хамтарч ажилласан байгаа. Үүнээс гадна хүчирхийлэлд өртөгсдийн дата мэдээллийг цуглуулах ажлыг төслийн хүрээнд хийсэн. Хамтарсан багийн үйл ажиллагаа олон улсын туршлага дээр суурилж өөр өөр байдаг. жендерт суурилсан хүчирхийллийг даван туулж байгаа хохирогчид нийт 5 төрлийн тусламж шаардлагатай болдог.
Эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн, хуулийн, аюулгүй байдлын гэсэн үндсэн тусламж шаардлагатай байдаг. Гэмт хэргийн хохирогчдод эдгээр таван төрлийн тусламжийг үзүүлэхийн тулд хамтарсан багийн оролцоо, дэмжлэг зайлшгүй шаардлагатай болдог учраас хамтарсан багийн үйл ажиллагааг чадавхжуулах шаардлага нэн тэргүүнд байна гэж хэлж болно.