Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 743 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 717 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.