Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Баярсайхан: Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 9 секунд

Чуулганаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан "Сүүлийн 20 жилд хавдраас шалтгаалсан нас баралт тасралтгүй өссөөр өнөөдөр бид дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Жил бүр бараг 5000 шахам хүнийг хавдрын улмаас алдаж байна. 2021 онд 4251 хүнээ алджээ. Энэ нь бүтэн 1-2 сумын хүн амтай тэнцэх тоо. Энэ санаа зовох асуудал биш гэж үү. Халдварт бус өвчлөлийг үүсгээд байгаа хамгийн том хүчин зүйл нь таргалалт гэдгийг сая тайлан дээр дурдаж байна.

Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болоод байна. Монгол Улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 55 хувь нь илүүдэл жинтэй, эдгээрийн 19 хувь нь таргалалт гэдэг өвчний оноштой байхад бид яаж хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм бэ. Өнөөдөр айл болгонд шахам нэг хавдартай хүн байх магадлал өндөр болоод байна. Өвчнийг хожуу үед нь өртөг өндөртэй оношилж эмчлээд, үүнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгаа нь салбарын бодлого урвуу тогтолцоотой явж буйг харуулсан хэрэг. Манай эрүүл мэндийн тогтолцоо нь урьдчилан сэргийлэх биш, өвдсөн хойно нь эмчилдэг болчихоод байна. Үүнд улс хамаг төсвөө зарцуулж, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид хүчээ барж байна. Хэрвээ бид нийгмийн эрүүл мэндээ сайжруулах чиглэлээр шинэчлэл хийж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын ачаалал буурч, тэд арай дээр нөхцөлд ажиллах боломж бүрдэнэ.

Амьдралын хэв маягаа өөрчилж, зохистой хооллож, биеийн жингээ тогтмол хэмжээнд байлгах нь зүрх судасны өвчлөл, нас баралтын 80, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулах боломжтойг эрдэмтэд тогтоосон. Мөн зохистой хооллоод биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэвэл хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар бууруулж болно гэдгийг тогтоосон. Бид өвчилсөний дараа биш, өвдөхөөс нь өмнө хамгаалж чаддаг эрүүл мэндийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх шаардлагатай. Энд салбарын үр дүнтэй менежмент дутагдаад байгааг анхаарч ажиллахыг хүсье" гэлээ.

Жью-жицүгийн ДАШТ-д “Өнөр бүл“ хүүхдийн төвийн дэргэдэх Almighty клубын сурагч Н.Одбаатар хүрэл медаль хүртлээ
Жью-жицүгийн ДАШТ-д “Өнөр бүл“ хүүхдийн төвийн дэргэдэх Almighty клубын сурагч Н.Одбаатар хүрэл медаль хүртлээ
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.