Ирэх онд гадаад паспортыг цахимжуулна хэмээн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлсэн. Тэгвэл гадаад паспортыг цахимжуулсанаар хил гаалиар хурдан шуурхай нэвтрэх боломж бүрдэнэ гэж УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдэгдэв. Тэрбээр Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд "Монгол Улс цахим буюу и-паспортгүй улс байгаа. Дэлхийн ихэнх орон цахим паспорттой болсон. Гадаад паспорт цахимжсанаар улсын хилээр нэвтрэх, гарах асуудал хурдсах боломжтой болж байгаа. Тодруулбал, и-гэйтээ ашиглаад 15 секундын нэвтрэх боломжтой болно.
Цахим болгох бэлтгэл ажил хангагдсан. УБЕГ-т гадаад паспортыг хэвлэх үйлдвэр нь ороод ирсэн. Одоо программ хангамжууд нь шаардлагатай. Олон улсын нисэх буудлуудын тавьж буй шаардлагын дагуу лицензтэй программ хангамжуудыг худалдан авч хийгээд үйлдвэр нь ашиглалтад орж, Монгол Улсын иргэд цахим паспорттой болох боломж бүрдэх юм. Гэхдээ энэ асуудлыг шинээр хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй урсгал зардал буюу сайдын багц дотроо зохицуулж байгаа" хэмээлээ.