Улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдрал "сэхээнд" орлоо хэмээн үг уран цэцэн үг хаялцах улс төрчид элбэг. Харин үүндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой ч орчин нөхцөл нь тааруугаас болж амтай болгоны хэрүүлийн бай болсоор ирсэн улсын хэдэн эмнэлгүүдээ багтаачихвал зохилтой. Гэхдээ өчигдөрхөн 35 жилийн турш иж бүрэн засвар, шинэчлэл хийгдээгүй байсан ЭХЭМҮТ-ийн Төрөх тасаг "сэхээний тасгаас энгийн тасагт" шилжлээ. Засварын ажил хийгдэж байсан ч иж бүрэн биш. Ийнхүү ирэх Лхагва гарагаас ЭХЭМҮТ-ийн Төрөх тасаг улсдаа эх хүүхдийн тусламж үйлчилгээгээрээ улсдаа хамгийн томд тооцогдож буйн үр ашгаа утгаар нь гаргаж эхлэх нь.
Зургаан давхрын шатын хажууханд байрлах хуучны гэмээр гараар давхар хаадаг цахилгаан шатыг эс тооцвол тасгийн үүд хэсэгт яриа байхгүй. Цааш орвол саруулхан коридор. Шинэ ашиглалтад орсон байр шиг цэлгэр зай талбайг завсаргүй байрлуулсан гэрэл улам л тодотгоно. Ийнхүү шинэ тасгийн өрөөнүүдтэй танилцав. VIP өрөө гэнгүүт л хувийн эмнэлэг аль эсвэл гадаад орнуудын эмнэлгийн дүр зураг хамгийн түрүүнд бодогддог байв. Харин шинэчлэлийн ажлын хүрээнд эл тасагт 10 VIP өрөө, 8 стандарт төрөх өрөөнөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан VIP өрөөг хүртэл бий болгосон байлаа. Өрөөнд төрөх эмэгтэйд хэрэгцээтэй зүйлс, тухтай орчин гээд бүгд нэг дор бүрдүүлж өгсөн нь сайшаалтай.
-VIP өрөөнд юу, юу багтсан бэ-
Өрөөг сайн ажиглавал их тухтай мэдрэмж төрүүлэхээр. Эдгээр өрөөнүүдэд ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой. Төрөх үйл явцад ч байлцаж боломжтой гэнэ. Өрөө бүр ариун цэврийн өрөө, душ, амралтын хэсэгтэй. Хамгийн сонирхолтой нь, төрөх хоёр өрөөний хоёр нь усанд төрөх зориулалтаар тоноглогдсон нь олон улсын жишиг стандарт болохыг эмч нар онцолж байлаа. Учир нь сүүлийн жилүүдэд олон улсад ийнхүү усанд төрөх нь урагт илүү тайван мэдрэмжийг өгч, өвдөлтийг намдааж, хүргэх үйл явцыг илүү тэсвэртэй болгодог гэж олон улсад үздэг аж.
-ӨМНӨ: "Хүчилтөрөгчийн баллоноо бариад л гүйдэг байв"-
Энэ удаагийн шинэчлэлийн гол ажил. Өрөө бүрийн хананы араар хүчилтөрөгчийн хоолойг суурилуулж өгчээ. "Өмнө хүчилтөрөгчийн баллоноо хаана хэрэгтэй гэнэ, тийшээ нь бариад гүйдэг байсан" гэх эмчийн яриа хананаасаа хүчилтөрөгчөө шийдвэрлэсэн нь зөв алхам гэдгийг улам нотлох шиг. Басхүү дохиоллын товчлуурыг өрөө бүрт суулгаж өгсөн нь шаардлагатай тохиолдолд хугацаа алдахгүй байх, эмч өвчтөн хоёр хоорондын харилцааг хөнгөвчилсөн шийдэл болсныг энд хэлэх нь зүй.
-ААВУУДЫН БУЙДАН-
VIP өрөөний үүдээр ороход л энэ хэсэг л нүдэнд өртөв. Аавуудын буйдан. Нэг тийм чамирхал, олон төрлийн хэрэгцээт зүйлс тавиагүй ч цаад агуулгаараа энэ сандал дээр хэчнээн аавууд сууж төрж буй эхнэрээ харж, энэ дэлхийд ирж буй үрээ цугтаа хүлээн авах бол гэдгийг бодох ч гэгээлэг. ЭХЭМҮТ-д сард 1 мянга, жилдээ 10 мянга гаруй эх амарждаг. Энэ нөхцөлд ЭХЭМҮТ-ийн Төрөх тасаг "шинэчлэл" нэхэж байсан нь бүр ч тодорхой. Тэгвэл тасгийн үйл ажиллагаа болон VIP өрөөнүүдтэй холбоотой иргэдийн мэдэхийг хүсэж буй асуултад хариулт эрлээ.
-VIP өрөөнд ЭМД-аар үйлчлүүлэх боломжтой, нэг төрөлт нь 60 мянган төгрөг байх эхний тооцооллыг гаргаад байна-
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяагаас тодруулаа.
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж ирсэн бэ. Иж бүрэн шинэчлэлийн ажил хийгдэж, ганцхан өрөөнүүд гэлтгүй тоног төхөөрөмж тал дээр ч сайжирна гэдгийг албаныхан хэлж байна шүү дээ?
-ЭХЭМҮТ нь эх хүүхдийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэртгэжлийн тусламж үйлчилгээний болон лавлагаа шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг улсын хэмжээний хамгийн томоохон эрүүл мэндийн байгууллага. Улсын хэмжээнд 77 мянган төрөлтийн 12 мянга нь ЭХЭМҮТ-д төрдөг. Мөн эрсдэл өндөртэй кейс тохиолдлууд ирж төрдөг. Улсын хэмжээнд 21 аймаг болон есөн дүүргийн хэмжээнд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор бид шууд даатгалаас үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ нэхэмжлэлээр санхүүждэг болсонтой холбогдуулан бид тусламж үйлчилгээгээ улам бүр чанаржуулж улам бүр хүртээмжтэй болгох шаардлага гарсан.
Та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нэг өрөөнд 3-4 үүлээ төрдөг, ар гэрээсээ тусгаарлагдчихдаг, гэрийнхэнтэйгээ холбогдох бол омжгүй ийм нөхцөлд төрдөг байсан. Тэгвэл бид өнөөдөр 18 төрөх өрөөг бүрэн засвар үйлчилгээ хийлээ. Тухайлбал, өрөөнүүдийн сантехник, холбоо дохиолол, дулааны шугам зэргийг иж бүрнээр нь сольсон. Энэ барилга маань ашиглалтад орсноос хойш бүрэн засварыг хийж байсан удаагүй. Харин хэсэгчилсэн засваруудыг хийдэг байсан. Мөн түүнчлэн VIP өрөөг тохижуулсан.
Энэхүү өрөөг бий болгосноор тухайн ээж маань хүсвэл гэр бүлийнхээ хүнтэй буюу нөхөртэйгөө нэг өрөөнд орж, төрсний дараа руу шилжих, эхнэрээ төрөхөд нь цугтаа байх боломжийг олгож байгаа. Энэ нь төлбөрт үйлчилгээ учраас ЭМД-аас тавьж өгсөн төсөвт өртгийн хүрээнд явагдана. Гэхдээ үнэ төлбөргүй. VIP өрөө нэг төрөлт нь 60 мянган төгрөг байхаар эхний тооцооллыг гаргаад байна. Ийнхүү ээжүүд маань манай эмнэлэгт тав тухтай орчинд тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн.
-Засвар, шинэчлэлийн ажил хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Төсөвт өртгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Засварын ажил хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Ер нь хуучин барилга дээр иж бүрэн засвар хийх нь маш хүндрэлтэй. Жишээлбэл, ханын плитаг нураахад гурван давхар плита гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуучин засварууд нь өмнөх дээрээ дахин нэмж хийх байдлаар давхарлаж явсаар дахин завсар хийхэд үүсэх хүндрэлийг бий болгож орхисон байгаа юм. Ойролцоогоор 1.3 тэрбум төгрөг зарцуулагдсан.
-ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ: ЭХЭМҮТ ашиглалтад орсноос хойш ажиллагаагүй байсан цахилгаан шатыг ажиллуулж, зэргэлдээ өрөөг нь эргэлтийн өрөө болгон тохижуулсан-
LSB компанийн ерөнхий инженер Б.Жаргалхүүгээс тодрууллаа.
-Засварын ажлыг хийх хугацаанд хүндрэлтэй асуудлууд, шинээр үүссэн нөхцөл байдлууд хэр их байв?
-Тодорхой асуудлууд гарч байсан. Тендерт заагдсан хугацаа ёсоор зургаадугаар сард засварын ажилв дуусах ёстой байсан юм. Гэвч нэмэлтээр халаалтын системийг иж бүрнээр нь солих, холбоо дохиолол, хүчилтөрөгчийн систем суурилуулах болон хил гаалийн тээвэр, материалын олдоц гэх мэт зүйлсээс шалтгаалж хугацаа хойшилсон. Гэхдээ бидний зүгээс олон улсын чанар, стандартад нийцсэн материалаар хийнэ гэж зүтгэсээр ард нь гарлаа.
-35 жил иж бүрэн шинэчлэл хийгдээгүй гэж байгаа. Тэгэхээр өмнөх нөхцөл байдлыг бүр мөсөн арилгахад ямар дүр зураг угтсан бэ?
-Огт гар хүрээгүй байсан барилга. Зүгээр л урсгал косметик завсар хийж байсан. Манай компанийн хувьд иж бүрэн буулгалт хийж засварааа хийсэн. Одоогийн байдлаар 53 ачааны машин хог ачиж хаясан гэх тооцоо байна. Иж бүрэн сэргээн засварласан гэдэг утгаараа төлөвлөгдөөгүй, зураг төсөвт тусгагдаагүй ажлууд их гарч ирсэн. Тухайлбал, ханын шавар нь цемент биш болчихсон, шар шавар шиг гар хүрэхэд л бутарч унадаг болчихсон, тоосго нь үүрдэг зэрэг нөхцөл байдалтай байсан.
-Шалынх нь цементийн доогуур хулдаас хүртэл дэвсээд дээрээс нь цементлэхчисэн байсан гэж сонссон?
-Тийм ээ. Бараг дөрвөн давхар байсан байх шүү. Дээрээс нь давхарлаад л цутгаад байдаг байсан байгаа юм. Хамгийн доод талдаа хоёр давхар плита түүний дээр нь цемент, хулдаас, хулдаасан дээрээ дахиад цемент цутгачихсан байсан. Нэг өрөөнд л гэхэд 20-25 см зузаан шал байсан байгаа юм. Хуучин зургуудийг үзвэл харагдана. Коридороор явахад шал нь өндөр учраас хаалганууд нь цаашаагаа онгойдог болчихсон л байсан.
-Нийт хэчнээн зай талбайд засварын ажил хийгдэв?
-1100 мкв талбайд иж бүрэн засварыг хийсэн.
-Сая та ажиллагаагүй байсан цахилгаан шатыг ашиглалтад оруулж, ашиглана гэж ярьсан. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Олон жил ашиглагдаагүй цахилгаан шат юм билээ. Эх нялхасыг ашиглалтад орсноос хойш ажиллагаагүй байсан цахилгаан шат. Үүнийг сэргээн засварлаж, залгаа өрөөг нь уулзалт, эргэлтийн өрөө болгожн тохижуулахаар ажиллаж байана. Өмнө ээжүүд маань хаалганы жижиг цонхоор цай, хоолоо өгч авдаг, түүгээр нь нэвт салхилдаг, ээжүүд нь салхи авдаг гэх мэт хүндрэлүүд бий болдог байсныг энд хэлэх нь зөв.
Нэг тасаг иж бүрнээрээ "сэхээнээс" гарав. Гэсэн хэдий ч нийт эмнэлгийн дунд байгаа эл асуудал нэг эмнэлгийн үйл явдлаар дарагдаад өнгөрөх учиргүй. Харин ч цаашид төрөх эхчүүддээ, хорвоод мэндэлж буй бяцхан үрстээ тав тухтай нөхцлийг нь төрөх эмнэлгээс нь эхлээд бүрдүүлж ажилламаар байна, Эрүүл мэндийн сайд аа.