Ковидын үед манайхан хэсэгтээ л маскнаас салаагүй. Өвөл, зун, хавар, намар гээд жилийн дөрвөн улиралд масктай явж, маскаа авахад хүртэл нэг л хоосон мэдрэмж төрдөг болсон байв. Гэтэл томуугийн улирал ид эхэлж байгаа энэ үед маск зүүж байгаа хүн тоотой харагдаж байгаа нь нууц биш.
Энд тэндгүй л ханиалгаж, нусаа татсан хүүхдүүд гүйж харагдана. Зарим нь бүр эмнэлэгт хэвтэж, эм тариагаар бөмбөгдүүлж байх жишээтэй. Энэ жилийн ханиад, томуугийн шинж тэмдэг бөөлжих, суулгах, халуурах, хоолой өвдөх зэргээр илэрч байгаагаас гадна хүндэрвэл ларенгит болох эрсдэлтэй байгаа талаар ч эмч, эмнэлгийн байгууллагууд мэдээлээд буй.
Үүний гол шалтгаан нь маск зүүхгүй байх явдал аж. Маск зүүгээгүйн улмаас хүйтэн агаарыг шууд залгин улмаар хоолой өвдөх шалтгаан болдог байна. Тийм ч учраас ханиад, томуу хүрвэл хүндрэх эрсдэлтэй байгаа учир бүгд маскаа зүүж хэвших шаардлагатайг үүнээс харж болох юм.
Хүүхэд бол маш эмзэг. Түүнийгээ дагаад дархлаа ч сул. Миний мэдэхийн л хүүхдүүд ханиад томуунд амархан өртдөг байв. Өмнө ч тэр одоо ч тэр. Гэхдээ цар тахлын үед амны хаалт тогтмол зүүдэг байсан тул ханиад, томуу тиймч их мэдрэгдэлгүй өнгөрчээ. Гэтэл хичээл сургууль эхэлсэнтэй зэрэгцээд ханиад, томуу ч ихээхэн нэмэгдэж байгаатай зэрэгцээд эмнэлгийн ачаалал ч нэмэгдэж.
Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэхэд цэцэрлэг сургуулиасаа "ханиад чирээд ирлээ" хэмээн халаглах авч өөрсдөө халдварын голомт гэдгээ анзаардаггүй. Хэдий сургууль, цэцэрлэг эхэлснээс үүдэн ханиад, томуу нэмэгдэх хандлагатай байгаа ч эцэг эхчүүд өөрсдөө маск зүүхгүй, халдвар хамгааллын дэглэм барихгүй байгаа нь өөрсдийн үр хүүхэд хийгээд өрөөлийн хүүхдүүдэд ч эрсдэл бий болгож байна.
Бүгд л ханиад томуунаас үр хүүхдээ хол байлгахыг хичээж байдаг чадлаараа хичээж байгаа ч хамгийн энгийн арга бол бүгд маскаа зүүх. Бүгд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж эхэлбэл ханиад томууны тархалт ч гэсэн тэр хэмжээгээр буурна.
Түүнээс гадна "Та гадуур явж байхдаа хичнээн масктай хүн харж байна вэ. Бүр эмнэлгийн орчинд маск зүүсэн хүн хэд байна. Энэ асуултыг бүгдэд тавъя. Хэрвээ та ч бас тэдний нэг бол маскаа зүүхийг уриалъя.