Монголын тайз дэлгэцийн урлагийн сор бүтээлүүдийг амилуулж, түүхэн киноноос эхлээд орчин үеийн шилдэг драма, ээдрээт амьдралыг харуулсан олон ангит кино, цуврал бүтээлүүдэд өвөрмөц дүрүүдийг бүтээж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин, СТА Ч.Болд Олон улсын кинонд нэгэн цоо шинэ дүрийг амилуулахаар өнөөдөр Унгар улсыг зорилоо.
Тэгвэл түүний хамгийн сүүлд тоглосон “Эрвээхэйн сүүдэр” телевизийн олон ангит кино насанд хүрэгчдийн дунд нэлээд шуугиан тарьж, ялангуяа хосуудын амьдралд цөөнгүй тохиолддог гуравдагч этгээдийн холбоо хамаарал, ээдрээт харилцааг тун чадварлагаар харуулсан байдаг билээ.
Тэрбээр өмнө нь Наймдугаар богд Жавзандамба хутагт хааны дүрийг бүтээж амжсан нь үзэгчдийн дунд шинэ цагийн Богд ч гэж хэлэгдэх болсон. Мөн “Босго, тотго” МУСК, “Боолын гэрээ” МУСК, “Бодлын хулгайч”, “Сүүн замын сахиул”, “Надтай гэрлээч”, “Бид дөрвийн хайр”, “Мөрдөгч” зэрэг дэлгэцийн олон арван цуврал бүтээлүүдэд амжилттай тоглосон юм.