Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болсон харамсалтай ослын талаарх бичлэг болон үзэн ядсан сэтгэгдлүүдийг уншихгүй, нийтлэхгүй байхыг тус улсын Ерөнхий сайд Хан Дак Су уриалжээ. Тэрбээр "Интернэт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим хэрэглэгчид хохирогчдыг үзэн ядсан сэтгэгдлүүдийг нийтэлж, ослын талаар худал мэдээлэл, өдөөн хатгасан дүрс бичлэгийг хуваалцаж байна. Тиймээс энэ үйлдлээсээ бүрэн татгалзахыг уриалж байна.
Амиа алдсан 154 хүний нэгээс бусад нь тогтоогдсон. Засгийн газар Сөүлээс гадуур оршин суудаг болон гадаадаас ирсэн ар гэрийнхэнд нь оршуулгын журмын дагуу дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Мөн энэ эмгэнэлт явдлын үр дагаврыг даван туулахын тулд чадах бүхнээ хийхийг уриалж байна" гэжээ.
Мөн тэрбээр ослын газарт сайн дураараа аврах ажиллагаанд оролцсон иргэдэд талархал илэрхийлсэн байна.
Сануулахад, Бямба гарагийн орой Сөүл хотын Итэвоны 3.2 метр өргөн нарийхан гудамжинд Halloween-ийн үдэшлэгт очсон олон хүн бөөгнөрөл үүсгэж, улмаар агааргүйдэж, нэгийгээ дарж, 154 хүн амиа алдсан байдаг.