Хөгжлийн банк хэрхэхээс Монголын ирээдүй тодорхойлогдоно. Төрийн өмчит компаниудын төлөгдөөгүй байгаа өр, аж ахуйн нэгжүүдийг төлөгдөхгүй байгаа өрийг ойрын хугацаанд барагдуулахгүй бол асуудал үүснэ. Засгийн газрын баталгаатай бондоос эхлээд манай улс гадагшаа төлбөрийн чадваргүй хэмээгдэж, дефолт болох замдаа эргэлт буцалтгүй орно гэж судлаачид дүгнэдэг.
Хэдийгээр эргэн төлөлт хийгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус байгаа. Олон компани аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсон хэвээрээ байна. Одоо улстөрчдийн хамаарал бүхий компаниудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, луу унжиж төлөхгүй байгаа мөнгийг төлүүлэх шаардлагатай.
Харин нөгөө талд нь цар тахлын хүндрэл, дайн байлдааны хил гаалийн гацаанаас шалтгаалж “модоо барихаа” шахаад буй зарим зээлдэгч аж ахуйн нэгжүүдтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Нэлээдгүй олон аж ахуйн нэгжүүд Хөгжлийн банкны зээлээ валютаар авсан. Зээлийн эргэн төлөлтөө валютаар хийдэг. Өнгөрсөн хугацааны засаг төрийн урагшгүй бодлого, гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалж ам.долларын ханшийн өсөлт ч хүндээр нөлөөлж байгаа нь үнэн.
Авсан зээлээ хэд дахин нугалж төлөх “зовлон” ямар ч том компанийн “нусыг нь хацарт нь нааж” байна.
Тиймээс улстөрчдийн ивээлд багтаж, ямар ч үйлдвэрлэл илэрхийлэхгүй өнөөдрийг хүрсэн компаниудаас бусдадтай нь хэлцэл хийж, хэлэлцээрийн ширээнд суух нь зүйтэй. Зээлийн эргэн төлөлт нь асуудалтай ч үйлдвэрлэл, үйлчилгээ, том төслөө хөдөлгөж байгаа газруудын хаалгыг хааж, хорьж цагдахаас урьтаж тэдэнд боломж олгоцгооё. Үнэнийг хэлэхэд өнөөдөр зээл авсан аж ахуйн нэгжүүд байтугай улс орон хүртэл дефолт зарлачихгүй гээд хөл дээрээ дэнчигнэж явна. Эдийн засгийн ийм хүндрэлтэй цаг үеийг төр, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ойлголцож байж л давах нь чухал.
“Force major” буюу давагдашгүй хүчин зүйлтэй өнгөрсөн гурван жилд бүх салбар нүүр туллаа шүү. Тэсч үлдэхэд бэрх энэ шалгуурыг дөнгөн данган давах гэж буй аж ахуйн нэгжүүддээ боломж болгож, зээл төлөх уян хатан нөхцөл санал болгож үзвэл ямар вэ.