Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: “ЭТТ“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тамгаа өгсөн, мөн компанийн орлогын тоон мэдээлэл зөрүүтэй нь асуудал дагуулж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
8 минут 34 секунд

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Таван Толгой” компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилох шийдвэр гаргасан. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дараа бүрэн эрхт төлөөлөгч тус компанийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Ганхуягийг чөлөөлж, тамга тэмдэгийг нь хураан авсан. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Тэгвэл бид энэ тухай Сангийн яамны ТНБД Ж.Ганбаттай дэлгэрэнгүй ярилцлаа.

-Өчигдөр Засгийн газрын шийдвэр гарсны дараа таныг “ЭТТ” компани дээр очиж нөхцөл байдалтай биечлэн танилцсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар өчигдөр 385 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоороо “ЭТТ” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэр дээр төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “ЭТТ”ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох болсон. Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор намайг тус компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, төлбөр тооцоо, орлого нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцуулан, гүйцэтгэгч компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Би өчигдөр үдээс хойш 15 цагийн үед очиж ажилдаа орсон. Засгийн газрын шийдвэрийн хамгийн нэн тэргүүний зорилго бол гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх үүрэг байсан юм. Энэ хүрээнд “ЭТТ” ХК-иас 500 сая ам.долларын орлогыг улсад оруулж валютын нөөцийг нэмэгдүүл гэдэг үүрэг байсан. Энэ утгаараа компанийн хүмүүстэй өчигдөр очиж уулзаж шөнө хүртэл ярилцсан. Өнөөдөр өглөө мөн үргэлжүүлэн ажиллалаа. Тэгэхээр одоо компани өөрсдөө зохион байгуулалтаа аваад хилийн боомтын үндэсний зөвлөлтэй холбогдоод ажлаа шуурхай зохион байгуулах юм бол энэ зорилтыг биелүүлэх боломж байна.

-Та Засгийн газраас томилсон бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд ажлаа хамгийн түрүүнд юунаас эхлэх вэ. Ямар зорилт дэвшүүлж байна вэ?

-Нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлж, валютын орж ирэх урсгалыг сайржуулахад анхаарна. Би компанийг ил тод нээлттэй болгоно. Үйл ажиллагааны хяналтыг сайржуулж, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулна. Ийм л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-“ЭТТ” ХК-ийн үйл ажиллагааны тайлантай та танилцсан байх. Өнгөрсөн хугацаанд ямар байдлаар ажиллаж ирсэн, асуудал юунд байсан гэж та дүгнэх вэ?

-Компанийн өнгөрсөн хугацааны үйл ажиллагаан дээр би удахгүй дүгнэлт хийж танилцуулна. Цаашид ямар байдлаар ажиллавал энэ компани богино хугацаанд сайжрах вэ гэдгийг судалж байна. Загсийн газрын хүрээнд байгаа оптек гэрээний асуудлыг бид ил болгоно. Бусад нарийн асуудлуудад төлөвлөгөө гаргаад ажиллана гэсэн бодолтой байна.

-“ЭТТ” ХК-д Засгийн газраас хоёр дахь удаагаа онцгой дэглэм тогтоож байна. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний экспорт, орлого, зарлагатай холбоотой асуудалд нэлээн нухацтай хандах шаардлагатай гэж сануулж байсан. Энэ хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтад дахин шинэчлэл хийгдэх гэж байгаа юу?

-Мэдээж Засгийн газраас авч байгаа гол арга хэмжээ бол валютын урсгалыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, уурхайн аман дээрээс биш Гашуунсухайтын төмөр замаар хил нөхцлөөр энэ нүүрсийг худалдах ямар боломж байна. Үүнийг бид хэзээнээс яаж хэрэгжүүлэх вэ. Хичнээн төгрөгийн орлогыг Монгол Улсад оруулж ирж болох вэ гэдгийг судалж ажиллана. Нөгөө талаараа бид аль болох урьдчилж орлогоо аваад тэрийгээ зарцуулдаг байдлаас зайлсхийнэ. Бизнесийн зөв зарчим руу орох чиглэлд ажиллана.

-Санхүүгийн тайланг харахад орлого төвлөрүүлэлт суларч, тоон зөрүү маш их гарсан гэж ярьж байсан. Энэ талаар ямар мэдээлэл байгаа вэ?

-Жишээ нь, тухайн компанийн өнгөрсөн жилийн санхүүгийн тайланг аваад үзэхэд урьдчилж олсон орлого нь 800 гаруй тэрбум төгрөг. 2022 оны хагас жилээр 2 их наяд төгрөг байна. Энэ хагас жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн орлогыг урьдчилаад олсон гэдгээ өөрсдөө тайлагначихсан. Тэгвэл энэ орлогыг энэ хэмжээгээр нь Монгол Улсад орж ирсэн байх ёстой. Гэтэл тоон мэдээлэл зөрүүтэй байгаа. Яах вэ, тэр өглөг авлагын асуудлууд бас байгаа юм байна лээ. Бусад газар хөрөнгө оруулалт хийчихсэн юм уу, яаж бүртгэлээ хийсэн байж таарах вэ гэх мэт асуудлуудтай би нэг бүрчлэн танилцаж ажиллана.

-Өчигдөр таныг компанийн нөхцөл байдалтай биечлэн танилцах үедээ “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн тамга тэмдэгийг албан ёсоор авсан гэх мэдээлэл байна.?

-Өчигдөр үдээс хойш 15 цагийн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сайд Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан даруй би ажилдаа орсон. Надад компанид төлөөлөх эрх нь бүгд ирчихсэн учраас очиж юмнуудаа цэгцэлсэн. Тэгээд өмнөх манай “ЭТТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг надад өөрөө тамгаа өгсөн. Ингээд би өгчигдрөөс эхлээд компанийн гадаад болон дотоодод 6 сарын хугацаанд төлөөлөх учиртай. Харин Б.Ганхуяг захирал цаашид ямар байдлаар ажиллах эсэхийг "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-өөс шийднэ.

-Компанийн удирдлагын бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт орох вэ. Төлөвлөгөө байгаа байх?

-Одоо шууд дүгнэлт хийж чадахгүй. Гэхдээ компанийн одоогийн бүтэц бүрэлдэхүүн болж байгаа эсэхийг шалгаад дүгнэлтээ гаргана.

-Таны хувьд Монгол Улсын өмнөө барьдаг, орлогын чухал хэсгийг бүрдүүлж ажиллах ёстой компанийг төлөөлж ажиллах гэж байна шүү дээ. Ямар нөхцөл байдалтай байгаа компани дээр ажиллах үүрэг хүлээсэн гэж та хэлэх вэ?

-Би өөрөө Сангийн яамны ТНБД учраас ерөнхийдөө компанийн талаар бүрэн мэдээлэлтэй байгаа. Гол юм нь бид экспортоо л сэргээх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийт 22.3 сая тонн нүүрс гаргасан байна. Гэтэл өнгөрсөн жилийн хавар өдөрт 100 машин л гарч байлаа шүү дээ. Хичнээн тоннын экспорт гаргах нь тодорхойгүй маш хүнд нөхцөлд байсан. Экспортолчхоод байдаг, нөгөө талдаа тэр хэмжээгээр мөнгө нь орж ирэх ёстой л доо. Гэтэл мөнгөнд нь өөрчлөлт ороод заримыг нь хэргэлчихсэн байсан. Үүнийг бид яаж богино хугацаанд дахин нэмэгдүүлэх вэ гэдэг нь гол асуудал болж байгаа. Ер нь цаашид “ЭТТ” ХК-ийн урьдчилж авсан оптек гэрээ, бусад гэрээнүүдийг шалгаад аль болох сайржуулаад явна. Гэхдээ гэрээний нөгөө талд ярилцах юм их бий. Одоо бид ирэх 11, 12 саруудад гадаад валютын орох урсгалыг нийт 500 сая ам.долларт хүргэж ажиллахаар зорих болно.

Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн бүх эрхийг Ж.Ганбатад шилжүүллээ, ажилд нь амжилт хүсье
Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн бүх эрхийг Ж.Ганбатад шилжүүллээ, ажилд нь амжилт хүсье
 
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Тос, масло түлж, агаар бохирдуулсан зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.