Энэ сарын 20-ны өдөр ХУД-ийн 18 дугаар хороо “LC tower” байрны .. дугаар тоотод иргэн Б гэгч нь мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь цагдаагийнхан илрүүлсэн талаар мэдээлсэн.
Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар албаны эх сурвалж "Шалгагдаж байгаа нь үнэн" гэсэн хариулт өгсөн байдаг.
Харин өнөөдөр Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нар мэдээлэл хийлээ.
"BRB" компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Хэвлэлээр мэдээлээд байгаа шиг мансууруулах бодис огт хэрэглээгүй, зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглоогүй. Бид найзуудаараа уулзаж, ажил ярилцаж, хөзөр тоглосон. Гэтэл цагдаа нар айлд зөвшөөрөлгүй орж ирээд "Та нар үнэнээ хэл. Зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу. Хэн зохион байгуулсан бэ" гэж тулгаад эхэлсэн. Тухайн айлын бүх эд хогшлыг нэгжээд, бүх хүмүүсийн гар утсыг хураан авч, эрүүгийн мөрдөгч нар гар утсаараа зураг авсан. Нийт 8 сая төгрөг байсан гээд байгаа. Энэ нь тэнд байсан бүх хүмүүсийн түрүүвчинд байсан мөнгөн дүн. Гэтэл мөрийтэй тоглосон гээд тэр нь даамжраад мансууруулах бодис болоод явчихлаа. Биднээс хар тамхины тест авахад бүгдээс нь илрээгүй шүү дээ. Биднийг зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж байна. Нотлогдоогүй мэдээллийг хэвлэлээр түгээж иргэдийг ялладаг байх юм уу" хэмээлээ.