Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд Засгийн газраас баталгаа гаргаж тодорхой хувийг татвар төлөгчдийн мөнгөөр дахин санхүүжүүлэх тогтоолын төслийг УИХ-ын зарим гишүүд эсэргүүцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.
-Хөгжлийн банкны гаднаас авсан зээлийн эргэн төлөлтийг банк өөрөө бүрэн хариуцах чадамжгүй учраас Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ. Банкны өр, цаашлаад чанаргүй зээлдэгч нарын төлөгдөөгүй өрийг татвар төлөгчид төлөх нь зөв үү?
-Тогтоолын төсөлд тусгаснаар Засгийн газраас дахин санхүүжилт хийх юм байна гэж би ойлгосон. Шууд баталгаа гаргах асуудал арай биш байх. Энэ асуудлаар өнөөдөр хэд хэдэн УИХ-ын гишүүн саналаа хэлж, чуулганы хуралдаанд асуулт тавьж байх шиг байна. Мэдээж ирэх онд Хөгжлийн банкны гадаад зээлийн 2 удаагийн эргэн төлөлт хийгдэх ёстой. Тэгэхээр төлөх ёстой хугацаа хүртэл хэр хэмжээний хуримтлал бий болж байгаа вэ гэдгийг эхлээд судлах ёстой. Банкны холбогдох удирдлагын хэлж байгаагаар эргэн төлөлтийн боломж нэмэгдэж байгаа гэсэн тайлбарыг хийж байсан. Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарын зарим өмч хөрөнгийг орлуулан хураах ажил явагдаж байгаа юм билээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ирэх оны нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Ер нь Хөгжлийн банкны ард Засгийн газрын баталгаа бий. Хөгжлийн банк тухайн үед өөрийн гэсэн зээлжих зэрэглэл, мөнгө босгох эрх зүйн орчин байгаагүй. Гадаадын хөрөнгө оруулагч нарт итгэл үнэмшил ч төрүүлээгүй. Хатуухандаа 2012 онд байгуулагдсан банк өнөөдрийг хүртэл 10 жилийн настай л банк болж хувирчхаад байгаа.
-Засгийн газраас гадаад зэх зээлд гаргасан бондын үр өгөж унаж эхэллээ. Гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд бага хүүтэй зээл авах боломж хэр байгаа вэ?
-Яг үнэндээ бага хүүтэй зээл авах боломж байхгүй. Яагаад гэвэл дэлхий даяараа эдийн засаг хүндэрчихсэн байгаа нөхцөлд зээлдэгч тал хамгийн түрүүнд Монгол Улсын төсвийн орлого, зарлага, мөн инфляцын түвшин, мөнгөний бодлогыг хардаг. Хэдийгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл сайн байгаа гэх хэдий ч гадаад валютын албан нөөц хурдацтай буурвал Монгол Улсын зээлжих зэрэглэл буурна. Үүнийг дагаад зээлийн хүү шууд өсөх нь тодорхой юм.