Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй зээлдэгч нарын асуудал дахин хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, өчигдөр орой УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган цагдан хориод байна. Сайн хэрэг. Хууль хүчтэй байж, чанаргүй зээлдэгч нарт хатуухан арга хэмжээ авч, улсыг хохиролгүй болгох ёстой.
Гэхдээ хууль, төр хэн нэгнийг алагчилж болохгүй. 12.6 тэрбум төгрөгийн өртэй зээлдэгчийг сүр дуулиантайхан цагдан хорьж, баривчилж байгаа бол түүнээс 10 дахин их зээл авсан, шүүх хурлыг 13 удаа хойшлуулаад буй 163 тэрбум төгрөгийн зээлдэгч "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг хэрхэх вэ
Б.Эрдэнэбат нь Хөгжлийн банкнаас 163 тэрбум зээл аваад түүнээсээ нэг ч төгрөг эргэн төлөөгүй. Хөгжлийн банкнаас гадна иргэн Ш.Баярсайханыг хууран мэхэлж, худал бичиг баримт бүрдүүлэн 20 тэрбум төгрөг залилчихсан. Энэ нь 2020 онд шүүхээр тогтоогдож, ял авч байсан удаатай. Мөн Хаан, Хас банкнаас 200 тэрбум төгрөг залилсан гэх мэдээллийг ч хохирогч өгч байгаа.
Нийт 300 гаруй тэрбум төгрөг залилчихсан байгаа Б.Эрдэнэбатад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хууль түүнийг дийлэхгүй байна уу, эсвэл прокурорууд үнэхээр хахууль авсан уу гэх асуултыг хариулт нэхүүлсэн хэвээр үлдээж байна.
Хохирогчийн зүгээс Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь прокурорын байгууллагад олон жил ажилласнаас гадна хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Э, Нийслэлийн ерөнхий прокурор Ариунболд болон орлогч Энхжаргал нартай хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой. Тиймээс Нийслэлийн Ерөнхий прокурор болон орлогч нарын зүгээс энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлж, 20 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг хаах үүрэг даалгавар өгч байгаа гэх хардлага хохирогч нарт төрж, АТГ-т шалгуулахаар хандсан гэж буй.
2020 онд Б.Эрдэнэбат нь иргэн Ш.Баярсайханыг залилсан нь тогтоогдсон хэмээн шүүхээс тогтоож ял оноосон байхад хэргийг дахин шалгахдаа ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гээд байна вэ гэдэг хачирхалтай.
Ер нь төрд ч дийлдэхгүй, хуульдаа ч захирагдахгүй иймэрхүү хүмүүсийг хэрхэх вэ. Магадгүй "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын уг асуудал Ж.Батзандангийн асуудлаас ч хэд дахин хор хөнөөлтэй. Мөн хуулийг уландаа гишгэж буй үйлдэл. Хуулийн байгууллага нь хуулиа барьж, төр нь төмөр нүүрээ ижил тэгш үзүүлмээр байна. Гэтэл хуулийнх нь өөрсдөө хахууль авсан хэрэгт холбогдчихоор иргэд хэн итгэх вэ. Ерөнхий прокурор оо. Энэ асуудлыг яаралтай анхааралтаа авч, ХУУЛЬ ШҮҮХ шударга ажилламаар байна.