Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээ үзүүлдэг хорь гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг. Тэгвэл Хүний Эрхийн Үндэсний Комиссоос энэ жил эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг зургаан байгууллагыг сонгон тохижилт үйлчилгээний газар ажилладаг ажилчдын хөдөлмөрлөх эрх хэрхэн хангагдаж байгаа талаар шалгалтын ажил зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2022.09.29/ ХҮЭК-ийн ажлын алба Хан-Уул дүүрэгт байрлах "Хан-Эко тээвэр" ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Шалгалтын ажлын явцын талаар ХҮЭК-ийн Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын хуулиар ХЭҮК-ийн гишүүн өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй байдаг. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын болон хувийн хэвшлийн тохижилт үйлилгээний газрын байгууллагууд дээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Хяналт шалгалтын гол зорилго нь тохижилт үйлчилгээний газар ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрлөх эрх хэрхэн хангагдаж байна, цалин хөлс, нийгмийн халамж, дэмжлэг хэрхэн үзүүлж байгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаарх асуудалд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын үйл ажиллагаа маань гурав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Нэг өдөр явагдаад зогсохгүй. Ажилчин, алба хаагчидтайгаа ярилцлага хийх, анкетын санал асуулга, судалгаа авах, байгууллагуудын удирдлагуудтай уулзах, нөхцөл байдалтай танилцах зэрэг ажлуудыг шат дараатай хийж байгаа. Мөн байгууллагын дотоод журам хөдөлмөрийн тухай хуультай хэрхэн уялдаж байна. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч байгууллага болон ажилчдын эрх ашиг тэгш хангагдсан эсэх асуудал дээр анхаарлаа хандуулж байгаа.
Шалгалтын ажлын үр дүнд үндэслэн хоёр төрлийн баримт бичгээр дамжуулан ААН-үүддээ шаардлагаа тавина. Үүнд зөвлөмж, шаардлага гэсэн баримт бичиг багтаж байгаа. Үнэхээр ажилчдын хөдөлмөр эрхлэлтэд сөрөг нөлөөтэй асуудал гарч ирвэл ХЭҮК-ийн гишүүний шаардлага хүргүүлнэ. Харин засч сайжруулах зүйл байвал зөвлөмж хүргүүлэх байдлаар ажил явагдана" гэлээ.
Тохижилт үйлчилгээний газруудад хүн хүчний асуудал хамгийн их тулгамдсан асуудал болдог байна. Түүнээс гадна парк шинэчлэлийн ажил удаан хугацаанд хийгдээгүйгээс үүдэн ачааны машинууд эхнээсээ актлагдаж байгаа аж.
Энэ талаар "Хан-Эко тээвэр" ОНӨААТҮГ-ийн захирал Н.Наранцацрал "Манай Хан-Уул дүүрэгт хог тээврийн үйл ажиллагаа явуулдаг дөрвөн аж ахуйн үйлдвэрийн тооцоот газар бий. Түүний нэг нь манай байгууллага.
Анх байгуулагдахдаа өмнө нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниас хуучин зургаан машин авч үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 10 машинтай үйл ажиллагаа явуулж байна. Цаашид парк шинэчлэлийн ажил хийгдэж манай компани он дуусахад шинэ машинтай болно. Хог тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд парк шинэчлэлийн ажил хийх цаг нь болсон. Өнөөдөр бол ҮЕнь өнгөрч, үйлдвэр нь хаагдсан машинууд л явж байгаа. Эхнээсээ машинууд маань актлагдаад эхэлсэн байна.
Иргэдийн минут секундын турш үйлдвэрлэж байгаа хогийг хот тохижилтынхон бүрэн хариуцдаг. Тийм ч учир ажилчид маань хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Тийм учир ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, ажилчдыг хувцас хэрэглэлээр бүрэн хангах, ХАБ-ыг сахин хамгаалуулах зэрэг асуудалд онцгой ач холбогдол өгдөг.
ХЭҮК-оос шалгалт хийж байгаа нь сайшаалтай. Манай байгууллага дээр тулгамдаж байгаа асуудал бусад байгууллагуудад ч тулгамддаг. Одоо хамгийн их тулгамддаг асуудал бол ажиллах хүчний асуудал. Ялангуяа жолооч, ачигчаар ажиллах залуус ховор. Энэ юутай холбоотой байна гэхээр нөгөө л цалингийн асуудал. Бид хөдөлмөрийн хөлсөөр цалинжуулаад, гүйцэтгэлээр цалинжуулдаг. Тиймээс цалин мөнгөний асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа" гэсэн юм.
ХЭҮК-ийн шалгалтын ажлын явцын хүрээнд тус дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл хамтарч ажиллаж байсан ба ХУД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ХЭҮК-оос өнөөдөр "Хан-Эко тээвэр" ОНӨААТҮГ-ийн ажилчдын эрх ашиг хэрхэн хамгаалагдаж байна, зөрчигдөж байгаа зүйл хэр байна зэрэг хүний эрхийн талаарх баримтаар үзлэг, шалгалтуудыг зохион байгуулж байна. Шалгалтын ажлын хүрээнд "Хан-Эко тээвэр" ОНӨААТҮГ-ээс баримт бичиг, нөхцөл байдлаа танилцуулаад ажиллаж байна.
ХУД-т хог, тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын бааз шинэчлэл буюу парк шинэчлэлийн үйл ажиллагаан дээр онцгой анхаарч байгаа. Энэ бол хамгийн их тулгамддаг асуудал. Үүний хүрээнд өнгөрөгч онд дөрөв, энэ онд зургаан автомашин авсан бол оны сүүл үеэр 12 автомашин авах төлөвлөгөөтэй байна.
Мөн ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах, цалин хөлсийг цаг тухайд нь өгөх тал дээр ач холбогдол өгдөг. Тийм ч учраас цалин хөлсийг цаг тухайд нь олгодог, НДШ-ийг ч мөн цаг бүрт олгох зэрэг дээр анхаарч ажилладаг. Магадгүй ирэх жил төсөв мөнгөний асуудал сайжирвал жолооч, ачигч нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллана" гэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.17. "Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл" гэж ажлын байр, түүний байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг хэлнэ" гэж заасан байдаг.
Хог тээврийн болон тохижилт үйлчилгээний ажилчдын хөдөлмөр хүнд нөхцөлд байдаг. Тийм ч учир ажилчдад нэн тэргүүнд шаардлагатай зүйл бол эрүүл, аюулгүй, цэвэр орчин ажиллах нөхцөл юм. Тийм учир "Хан-Эко тээвэр" ОНӨААТҮГ ажилчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулахын тулд шүршүүр, душ байгуулах талаар ярилцаж эхэлснээ онцолж байлаа.