Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хурлаа хийсэн. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны Улсын нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих талаар дараах зүйлийг хэллээ. Тэрбээр "Эдийн засгийн хөгжлийн яамнаас ДНБ 2,6 хувиар өснө гэж тооцож байгаа. Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 14,4 хувь байна. Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагас хүртэл эдийн засгаа тогтворжуулах бодлого баримталж чадвал нэг оронтой тоо руу оруулж болно гэж харж байгаа. Инфляц дээр тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол төгрөгийн ханш унаж буй явдал юм.
Уул уурхайн үйлдвэрлэл уналттай байгаа ч 2023 онд өснө гэж харж байна. 2023 онд экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй адил болгоно гэсэн бодлого барьж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц буусан байна. Оны эхэнд 4,4 тэрбум ам. доллар байсан бол одоо 2,4 тэрбум ам.долларын нөөцтэй байгаа.
Тиймээс экспортын хэмжээг өсгөхгүй бол валютын нөөц буурах эрсдэлтэй байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд экспорт нэмэгдэж байна. Экспорт нэмэгдэж байгаа ч валютын ургал бага байгаа нь урьдчилаад зарсан нүүрсний гаргалт явагдаж байсан. Тиймээс үлдэж байгаа хугацаанд засгийн газраас түр зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөнгөний нийлүүлэлтийн хувьд мөн л буурч байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа учир өрхийн орлого ч буурч байна. Энэ нь ард түмэн хадгаламжаасаа хэрэглээнд зарцуулж байгаатай холбоотой" гэлээ.