Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир: Үнэхээр бидэнд давуу байдал байсан юм бол ХУВЬЧЛААД авчихна биз дээ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
18 минут 40 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээг өнгөрсөн хавар Засгийн газраас цуцалсантай холбоотой төр болон аж ахуйн нэгж хоёрын хооронд багагүй маргаан үүсээд байгаа юм. Тэгвэл уг концессын гэрээг эзэмшигч "Кью Эс Си" компанийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй ярилцлаа.

-Төр концессын гэрээг цуцлаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцааж авснаас хойш таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төр танайхыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн. Эсрэгээрээ та бүхэн “төр асуудалд хариуцлагагүй хандлаа” гэж хэвлэлээр маргасан байдалтай байна. Өнөөдрийн байдлаар асуудал яг ямар шатандаа явж байна вэ?

-Уул уурхайн металургын энэ төсөл хэрэгжиж эхлээд хугацааны хувьд 1/3-дээ ч хүрч амжаагүй байсан. Төслийн онцлог нь уул уурхайн үйл ажиллагааг аж үйлдвэржилттэй холбох байв. Ган үйлдвэрлэлийн өмнөх шатны уурхай, баяжуулах үйлдвэрийн ажлууд нь дэд бүтцийнхээ ажлуудтай хамт хийгдээд дуусчихсан байсан. Анх төлөвлөсөн байсан гангийн үйлдвэрийн технологи нь цахилгааны хангалтгүй нөхцөл байдлаас болж удааширсан. Улмаар бид технологийг нь өөрчилсөн. Энэ өөрчлөлтөө 2021 оны 9 дүгээр сард батлуулаад ажил нэлээн эрчтэй явж байхад концессын гэрээг цуцлачихлаа.

Цуцалсан шалтгаанаа Засгийн газар гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Юу ч хийгээгүй байна гээд тайлбарлачихсан. Гэтэл Засгийн газар мэргэжлийн байгууллагуудынх нь дүгнэлт, саналыг огт сонсоогүй. Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай байнга хамтарч ажиллаж ирсэн. Ерөнхий сайд, салбарын сайд, байнгын хорооны гишүүд нь хүртэл ирж бүтээн байгуулалттай танилцсан. Гэтэл мөрдөгчийн мэдэгдэл гэдэг зүйлийг үндэслээд концессын гэрээг цуцлачихсан нь хачирхалтай. Бид төслийн үйл ажиллагааг бодитойгоор үнэлж, дүгнэхгүйгээр тэс хөндлөнгийн дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргасан гэж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдалтай байна. Засгийн газраас салбар яам, прокурорын байгууллагыг оролцуулна гээд таван сар гаруй шүүх хурлыг хойшлууллаа.

Бидний зүгээс аль болох асуудлуудаа шийдээд явъя гэсэн хүсэлтэй байна.

-Төмөрлөгийн үйлдвэрийн нөхцөл байдал одоо ямархуу байна. Өнгөрсөн зун, хавар төрд очсон үйлдвэрүүд Хөтөлөөс эхлээд асуудал үүсгээд эхэллээ шүү дээ.

- Үйлдвэрлэл, уурхайн үйл ажиллагаа бүрэн зогссон гэдэг мэдээллийг авсан. 1500 гаруй ажилтантай. Маш олон хүмүүс сул зогсолтын буюу үндсэн цалингийн 60 хувиа авч байна. “Кью Эс Си”-гээс томилогдсон удирдлагын багийг шууд гаргасан. Хамгийн харамсалтай нь бид хуучин ажиллаж байсан хүмүүсээс нь дунд шат болон инженер техникийн албанд дэвшүүлж ажиллуулж байсан. Тэр чадварлаг, туршлагатай ажилчдыг манайтай холбоотой гэдэг шалтгаанаар хоморголон шахах байдлаар гаргасан байна лээ.

-Засгийн газраас танай концессын гэрээг цуцлахдаа бүтээн байгуулалт буюу гангийн үйлдвэрээ байгуулаагүй, өр төлбөртэй, хүний нөөцийн асуудалтай гэх зэрэг олон шалтгаан нөхцлийг хэлсэн. Гэтэл “Кью Эс Си” компани бүтээн байгуулсан зүйлийг бодитоор үнэлсэнгүй гэж тайлбарласаар л байна?

-Гэрээний дагуу Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг хийгээд, үйл ажиллагааг нь авч яваад 30 жилийн дараа төрд ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгөх байсан. Хөрөнгө оруулалтаа хийгээд хоёр компани үйл ажиллагаа явуулж байхад дунд нь зогсоочихоод жигтэйхэн их буруу юм хийсэн, эсвэл өр төлбөрт оруулаад, идэж уусан гэдэг зүйлийг яригдаад байгаа. Тийм зүйл байхгүй. Бүх юм данс тооцоотой, баримттай байгаа. Бидний бүтээн байгуулалтыг ирж үзээд, эрүүлээр шалгахын оронд өөрсдөө телевизээр бодлоо яриад байна. Уулзъя гэхээр хүлээж авдаггүй атлаа энэ байгууллагын үйл ажиллагаа болохгүй байна гээд хууль хяналтынхан руу янз бүрийн бичиг цаас шидээд яваад байна. Уг нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлье гэдэг хүсэлтийг хүргүүлсэн ч хүлээж авахгүй байна.

Гэрэл зургийг mpa.mn

“ХУГАЦАА АЛДСАН ГОЛ ШАЛТГААН НЬ ТӨР ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛӨӨ ЯВУУЛЖ ЧАДААГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ”

-Ер нь та бүхэн яагаад хугацаа алдчихсан юм бэ?

-Хугацаа алдсан гол шалтгаан нь төрийн зүгээс хийх ёстой байсан цахилгаан эрчим хүчний төсөл нь удааширсантай холбоотой. Бид үүнийг хүлээж маш их хугацаа алдсан. Сүүлдээ үйлдвэрийн технологио өөрчлөөд ажлаа явуулахаар болсон. Технологийн замын ажлуудыг шинээр хийж эхэлсэн. Гэтэл ажил гацаасан төр нь эргээд “та нар ажлаа хийгээгүй байна”, “та нар залилсан байна” гэх нь утгагүй. Юу гэсэн үг юм бэ. Бид Засгийн газар гэдэг нэг л байгууллагатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа биз дээ. Яагаад төр өөрийн хариуцсан ажлаа хийгээгүй байхад бид бурууг нь үүрэх ёстой юм бэ.

-Тэгвэл одоо төрд буцаагаад “алдсан” үйлдвэр, анх та бүхний авсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёрын ялгаа, зөрүү юу байна. Сайжруулаад өгчихсөн үү. Өрөнд оруулаад, засаглалын эвдээд муужруулаад өгчихсөн юм уу?

-Одоогийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон биднийг анх хүлээж авсан үйлдвэр хоёрын хооронд асар том зөрүү бий. Биднийг авахад жилийн ердөө 50 тэрбум төгрөгийн орлоготой, 2-3 тэрбум төгрөгийн татвар улсад тайлагнадаг. Өөрсдөө уул уурхайн металлургын төслөө санхүүжүүлэх чадамж байхгүй ийм компани руу бид хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ том, жижиг нийлсэн 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоогийн Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр бий болсон бүтээн байгуулалт, чадамж нь өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн төсөл, хөрөнгө оруулалтын үр өгөөж юм. Орлогын хэмжээ нь өмнөхөөсөө 8 дахин өсөөд 400 тэрбум гаруй болсон. 2021 онд 80 гаруй тэрбум төгрөгийн татвар тайлагнасан. Өмнө нь 2-3 тэрбум төгрөгийн татвар төлж байсан компани ийм болтлоо өргөжиж, томорсон гэдэг бол “Кью Эс Си” компанийн Дархан төмөрлөгийн үйлдвэр дээр хэрэгжүүлсэн төслийн үр дүн. Үр өгөөж. Өнөөдрийг хүртэл “Кью Эс Си” компани өөр дээрээ ногдол ашиг зарлаж авсан зүйл байхгүй. Харин 1.7 их наяд төгрөгийн төслийг шинээр хэрэгжүүлэх гээд бэлтгэж байлаа.

Өөрөөр хэлбэл, одоогийн төр засгийн удирдлагууд үнэн бодитой зүй зохистой зүйлээ ярихгүй, зөвхөн буруутгах гүтгэх юм л яриад яваад байна.

-Зах зээлийн эргэлтийг нь ингэж тэлсэн гэхээр танайх хэр хэмжээний бүтээн байгуулалтууд, хөрөнгө зарсан юм бэ. Яагаад гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг муу нэр зүүчихэв?

-Бид маш их бүтээн байгуулалт хийсэн. Төмөр зам, автозамын том төслүүд хийгдчихсэн. Засвар, механикийн төвүүд, дэд бүтцийн төслүүд гээд төсөл хэрэгжихэд шаардлагатай бүх бүтээн байгуулалтыг иж бүрнээр нь шийдсэн байна. Эдгээрийг хийхэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг зав, хүч хөдөлмөр зарцуулсан. Энэ жилээс үйлдвэрийн ажил руугаа орох гэж байлаа.

Гэрэл зургийг mpa.mn

“ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ӨРТӨГ НЬ 600-700 ТЭРБУМ ТӨГРӨГ”

-Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулаад байна вэ?

-Нийтдээ хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн өртөг нь 600-700 тэрбум төгрөг. Тухайн үеийнхээр бараг 300 орчим сая ам.доллар болсон. Энийг үгүйсгээд, нөхөн төлбөрийн асуудлыг ярихгүйгээр “Кью Эс Си”-г буруутгасан жижиг, жижиг асуудлыг гаргаж тавиад яваад байгаа. Бид энэ асуудлаа ярилцъя гэж удаа дараа Засгийн газар, холбогдох байгууллагууд хандсан.

-Ямар хариу өгч байх юм. Өнөөдрийг хүртэл яг энэ бүтээн байгуулалт, нөхөн төлбөртэй холбоотой яриа хэлэлцээр гарахгүй таван сар гаруй болсон гэхээр сонин байна л даа?

-Бид маш ойлгомжгүй нөхцөл байдалтайгаар өнөөдрийг хүрлээ. Төр хэрвээ гэрээгээ цуцалж байгаа юм бол бидний оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн буцааж төлөх талаар ярих хэрэгтэй. Дараа нь хоёр компанийн өглөг, авлага зэргийг баримтын дагуу нэгтгээд шалгах нь зөв. “Кью Эс Си” юу хийсэн, юу оруулсанг нь яагаад огт ярихгүй байгааг нь ойлгохгүй байгаа. Энэ бол хувийн хэвшлийг үгүйсгэсэн, хохироох гэсэн хандлагаар л хандаж байгаа хэрэг.

“ҮНЭХЭЭР БИДЭНД ДАВУУ БАЙДАЛ БАЙСАН ЮМ БОЛ ХУВЬЧЛААД АВЧИХНА БИЗ ДЭЭ”

-Концессын гэрээг байгуулах үедээ та бүхэн ашиг сонирхлын зөрчилтэй шийдэл гаргуулчихсан юм уу. Олон хүн ингэж ярьдаг, үздэг?

-Анх Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр уул уурхай металургын цогцолборын төслийг хэрэгжүүлнэ гэж төслийнхөө концепцыг өөрсдөө боловсруулсан. Төмөрлөгийн үйлдвэрт санхүүгийн чадамж байхгүй учраас хөрөнгө оруулагчдыг оруулна гэж сонгон шалгаруулалт зарлагдсан байдаг. Тухайн сонгон шалгаруулалтад нь БНХАУ, Австрали, Энэтхэг, Солонгос гэх зэрэг гадны компаниудтай хамт дотоодын “Кью Эс Си” компани оролцсон. Бид хөрөнгө оруулагч, болон гангийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай гадны компанийг хамтрагчаар оруулж, оролцоод манай төсөл шалгарсан. Давуу тал олгосон юм уу, үгүй юу гэдгийг шалгаруулсан хүмүүсээс нь асуух нь зөв байх. Манайд давуу тал олгосон гэж яриад байгаа хүмүүсийн яриагаар бол энэ төслийг дотоодын компанид биш гадны компанид өгөх ёстой байсан гэж үзээд байгаа юм уу. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа.

Ядаж яг ямар давуу тал олгочихсон юм бэ гэдгийг нь зүйл заалтаар, баримт нотолгоогоор ярихгүйгээр хэн нэгэн улстөрч гүтгэлгийн шинжтэй юм яриад явах нь зохисгүй. Энэ мега төсөл рүү орсон нь эхнээсээ маш том эрсдэл байсан. Ашгаа ч хүртэж эхлээгүй байгаа төсөл. Бид эрсдэл л үүрч байгаа компани шүү дээ.

Биднийг хөрөнгө оруулагчаар шалгараад явж байх хугацаанд УИХ-аас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилна гэдэг тогтоолыг хүртэл гаргасан. Үнэхээр бидэнд давуу тал байсан юм бол хувьчлаад авчихна биз дээ. Бидний төсөл шалгарсан, үүний дагуу урдах ажлаа л хийж байсан.

Гэрэл зургийг mpa.mn

“ТЭЗҮ боловсруулсан Кью Эс Си-г гүтгэж, гаргачихаад “МОНГОЛ ГАН” төсөлд нь гаднаас хөрөнгө оруулалт татах гээд өнөөдөр энд танилцуулж байна”

-Хоёулаа яг одоо уул уурхайн чиглэлээр гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой арга хэмжээний үүдэнд ярилцаж байна. Төр өнөөдөр энэ чиглэлээр гаднаас хөрөнгө оруулагч татах гээд, танай байгууллага энд оролцоод явж байх юм. Энэ хоёр үйл явдал нэг л авцалдахгүй байгаа юм шиг санагдах юм?

-Хөрөнгө оруулагчид томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ миний оруулсан хөрөнгө хэр баталгаатай байх вэ. Хэр үр өгөөжтэй байх вэ гэдгийг нэн түрүүнд хардаг. Гэтэл өнөөдөр Монголд хөрөнгийг нь хураадаг, зогсоодог маш олон кейсүүд бий болчихлоо. Төр гэдэг чинь хэн удирдах, ямар нам засаглахаас үл хамаараад нэг л тогтвортой субъект. Гэтэл төр нь ийм сонин холбирсон шийдвэр гаргаад яваад байхад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэх итгэл үнэмшил төрөхгүй. Хамтарч ажиллахад маш хүндрэлтэй.

Энэ “Уул уурхайн долоо хоног” гэдэг арга хэмжээ дээр хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа төслүүдийн жагсаалтыг коридортоо тавьсан байна. Энэ дунд бидний өнгөрсөн жил батлуулсан “Монгол ган” төслийг хөрөнгө оруулагчдад санал болгож байна гээд тавьчихсан байх жишээтэй. ТЭЗҮ-г батлуулсан дотоодын хөрөнгө оруулагчаа хохиролтой байдлаар гүтгэж орхичихоод боловсруулсан төслийг нь дараагийн хөрөнгө оруулагчдад санал болгож байна гээд тавьчихжээ. Энэ төсөлд нь хэн санал өгөх юм бэ. Иймэрхүү хоёр үзүүртэй зүйл хийгээд байхад хөрөнгө оруулагчид нь манай руу орж ирэх итгэл төрөх үү.

Монголд томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг цөөхөн хэдэн хүн бий. Эдгээр хүмүүс рүү хууль хүчний байгууллагуудаар дамжуулаад маш муухай дайралтууд зөндөө явлаа. Энэ нь эргээд дотоодын томоохон компаниудад “За, төртэй ажиллах ёстой дэмий юм аа” гэдэг хандлагыг л бий болгож байна. Төртэй ажиллана гэдэг тааварлахын аргагүй эрсдэл.

Гэрэл зургийг mpa.mn

“АРД НЬ УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХОЛ БАЙСАН”

-Төрийн эрхийг аль нэг нам барьдаг. Тэр намыг нь улстөрчид удирддаг. Танай асуудлын цаана улс төр явсаар ирсэн. Та бүхэн энэ улс төрийг юу гэж харж, юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ хавар гаргасан шийдвэрийг нь улс төрийн шинжтэй байсан уу гэдгийг одоо дүгнэж мэдэхгүй юм. Гэхдээ энэ ажлыг хийхдээ нэлээн зохион байгуулалттайгаар хийсэн. Эхлээд сонин хэвлэлээр харлуулах, Дархан хотод зориудын зохион байгуулалттай жагсаал, цуглаан зохион байгуулсан. Ийм арга хэмжээнүүд болж байгаад залгуулаад мөрдөгчийн тогтоол гэдэг юм гарч ирээд Засгийн газар гэрээг цуцалсан. Миний хувьд гэхэд л юу ч мэдээгүй Дарханд ажил хөөцөлдөөд явж байсан. Гэтэл телевизээр Сангийн сайд нь юу ч хийгээгүй байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр энэ бол ямар хүний, ямар ашиг сонирхол яваад байгаа нь мэдэгдэхгүй ч ард нь улс төрийн ашиг сонирхол байсан гэж үздэг.

-Хийх гэхээр төслийг нь зогсоочихсон. Гаргасан хөрөнгөө нэхэмжлэх гэхээр хариу өгдөггүй. Нэг ёсондоо төр, танай компани хоёрын харилцаа гацчихлаа. Ер нь “Кью Эс Си” компанийн өнөөдрийг зорилго юу байна. Хохиролгүй болоод бушуухан салах байна уу, эхлүүлсэн төслөө үргэлжлүүлээд дуусгах хүсэл байна уу?

-Концессын тухай хуульд хэрэгжиж байсан концесс гэрээг зогсоовол оруулсан хөрөнгө болон ирээдүйд олох ашгийг нь тухайн компанид нөхөн олговор байдлаар олгоно гэж заасан. Манай компанид яг энэ эрх зүйн орчин үүсчихсэн гэж ойлгож байна. “Кью Эс Си”-гийн хувьд өөрсдийн эхлүүлсэн, хүч хөдөлмөрөө зарцуулсан ажлаа дуусгаад ард нь гарах хүсэлтэй байна.

-Засгийн газартай хамгийн сүүлд хэзээ энэ асуудлаараа харилцав. Та хэд ямар санал тавив?

-Бид төслийнхөө ажлыг үргэлжлүүлмээр байна. Төслийг яагаад зогсоох шийдвэр гаргав. Яагаад Ерөнхий сайд нь хүртэл очиж үзээд ажил хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, гангийн үйлдвэрээ эрчимжүүлэх санал хэлсэн байхад өнөөдөр биднийг юу ч хийсэнгүй гэж үзэв гээд асуудалд илүү нухацтай хандахыг хүссэн.

-У.Хүрэлсүх Ерөнхий сайд танайтай танилцаад ийм чиглэл өгсөн юм уу?

-Тийм. Ерөнхий сайд байхдаа ирж танилцсан. Мөн үйлдвэртэй холбоотой газрын асуудлыг шийдэхийг орон нутгийнханд даалгаад, Засгийн газрын тэмдэглэлээр цахилгааны асуудалд анхаарахыг салбарын яамд нь үүрэг болгож байсан.

-Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж ЗГХЭГ-ын дарга болон танай салбарын сайд солигдсон. Нөхцөл байдал хэвэндээ байна уу. Эдгээр хүмүүстэй яриа хэлэлцээрт орох гэж оролдсон уу?

-Асуудал хариуцаж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу Хүнд үйлдвэрийн бодлогын газраар дамжуулаад шинэ сайдтай уулзуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьчихсан байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамыг концессын асуудал эрхэлсэн байгууллага гэдэг утгаар нь очиж асуудлаа танилцуулъя гэдэг хүсэлтүүдийг тавьчихаад байна.

Г.Лхагвадорж

Сургуультай баавгай, аварга могойн үзүүлбэртэй дэлхийн циркийн үзүүлбэрийн тасалбарыг TICKET.MN-ээр худалдаалж эхэллээ
Сургуультай баавгай, аварга могойн үзүүлбэртэй дэлхийн циркийн үзүүлбэрийн тасалбарыг TICKET.MN-ээр худалдаалж эхэллээ
 
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.