Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-Монголын Хиагт боомт дээр тус улсаас манай улс руу орохыг хүссэн хүмүүс нэмэгдэх хандлагатай байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан МУИС-ийн ОУХНУС-ийн багш, Олон Улс судлаач С.Баясгалантай ярилцлаа.
-Хойд хөрш болон Украины хоорондын нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн ерөнхий мэдээллийг манай уншигчдад хүргээч?
-Барууны орнуудын зүгээс Украинд зэвсгээр тусалж байгаа. Нөгөө талаас ОХУ-ын мэдээллээр "Хөлсний цэргүүд маш ихээр орж ирж байна. Украинчуудтай бус хөлсний цэргүүдтэй буюу барууны ертөнцтэй тулалдаж байна" гэх зүйлийг ярьж байгаа.
ОХУ-Украины хоорондын дайн цаашид сунжрах хандлагатай болсон нь ойлгомжтой.
-Сунжрах хандлагатай байна гэлээ. Энэ талаар тодруулбал?
-Ерөнхийдөө дайн сунжирч нөөц бололцоо шавхагдах тийшээ хандаж байна. ОХУ-ын талаас хүн хүчний байдлыг нэмэх нь зүйтэй гэх үндэслэлээр хоёр шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, Төрийн дүрмээр хууль баталсан. Энэ хуульд ОХУ-ын цэргүүд Украинд очоод бууж өгөх, цэргийн албанаас зугтах, хойш суусан тохиолдолд эх орноосоо урвасан гэх үндэслэлээр 10 жилийн хорих ялаар өгөхөөр зүйлчилсэн.
Хоёрдугаарт,
ОХУ зэвсэг барих, байлдах боломжтой 25 сая хүний нөөцтэй. Түүнээсээ нэг орчим хувийг буюу 300 мянган хүнийг дайчилгаанд явуулж байна гэх мэдэгдэл хийсэн. Эдгээр цэргүүдийг Украин руу буюу галын шугам руу явуулахгүй. Харин хорлон сүйтгэх, террорист үйл ажиллагаа явуулж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор дайчилж байна гэж тайлбарласан.
Нөгөөтээгүүр барууны зүгээс энэхүү мэдэгдлийг "ОХУ суларч байна. Арчаагаа алдаж хүн хүчний нөөц рүүгээ орж байна" гэх байдлаар тайлбарлаж байгаа.
-ОХУ цэрэг дайчлахтай холбоотой мэдэгдэл гаргасны дараа тус улсаас манай улс руу орж ирэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэлүүдээр ч яригдаж байна шүү дээ. Хэрэв ОХУ-ын иргэд олноороо манай улс руу дүрвэх үйл явц болбол, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа, улс төрийн хувьд хэрхэн нөлөөлөх бол?
-Хамгийн гол нь ОХУ-ын иргэд зөвхөн манай улс руу дүрвэж байна гэж ярьж болохгүй. 30-60 хоногийн визгүй зорчих боломжтой ойролцоох улсууд бий. Ихэнх нь Казакстан, Турк улс руу дүрвэнэ гэж үзэж байгаа. Харин алс дорнодын хэсэгт байгаа хүмүүсийн дунд "хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь холхино" гэдэг шиг зүйл болох магадлалтай гэж ярьж байна. Тухайлбал, Буриад болон Эрхүү орчмын хүмүүс Монгол Улс руу ирэх магадлалтай гэх урьдчилсан таамаглал бий.
Энэ нь хоёр орны харилцаа, эдийн засаг, нийгэмд төдийлөн сүртэй нөлөөлөхгүй болов уу.
Зөвхөн Монгол Улс руу бус ихэвчлэн Казахстан руу явна. Казакстаны үндэсний цөөнх нь Оросууд шүү дээ. Мөн Орос, Монгол гэхээсээ Орос, Казакстан улсууд маш ойрхон. Оросын төвөөс зугтаж буй хүмүүс Казакстан руу орно. Харин Байгаль нуур орчмын хүмүүс манай улс руу ирэхийг үгүйсгэхгүй.
"Казакстаны мэдээллийн агентлагууд Тува нарыг Узбек, Киргиз дэх бааз дээр сургуулилуулж байгаад галын шугам руу зөөж байна гэж мэдээлсэн"
-Хэдийгээр Оросын талаас дайчилж буй цэргүүдийг галын шугам руу явуулахгүй гэж байгаа ч Монгол угсааны цөөнхүүдийг явуулж байж болзошгүй гэх хардлага байна ?
-Янз бүрийн мэдээлэл, таамаглалууд бий. Жишээлбэл, Казакстаны мэдээллийн агентлагууд Тува нарыг Узбек, Киргиз дэх бааз дээр сургуулилуулж байгаад галын шугам руу /Украин руу/ зөөж байна гэж мэдээлсэн. Хэдийгээр батлагдаагүй ч үнэний ортой.
Аливаа улс орон дайн болоход өөрсдийнхөө иргэдийг явуулдаггүй. Энэ бол бичигдээгүй хууль. Болж өгвөл үндэсний цөөнхүүдийг явуулдаг. Дэлхийн дайны түүхээс харвал том улсууд жижиг улсуудыг эзэлснийхээ дараа олзны цэргүүдийг тэргүүн шугам руу явуулдаг байсан.
Ерөнхийдөө үндэсний цөөнхүүд буюу Халимаг, Буриад, Тува иргэдийг дайчилгаанд явуулж байгаа эсэх болон дайчилсан цэргүүдийг галын шугамд явуулж байна уу, эсвэл үнэхээр аюулгүй байдлыг хангах үүднээс гэж мэдэгдсэнээрээ явуулж байна уу гэдгээс хамааран манай улс руу ямар хэмжээний хүмүүс орж ирэх нь шалтгаална.
"Гадаад иргэд ОХУ-ын өмнөөс Украинд дайтаад нэг жил болбол "автоматаар" Оросын иргэншил олгох журмууд гарсан"
-Таны саяын хэлсэнчлэн дэлхийн II дайны фронт дээр ч Монгол угсааны цэргүүд тэргүүн шугамд байлдсан түүхтэй. Тухайн үеийн бодлого, үйл явдал давтагдаж байна гэж ойлгож болох уу?
-Зөвлөлтийн үед ийм зүйл болсон байдаг. Гэхдээ энэ давтагдаж байна гэж ярьж болохгүй. Дайны хуульд торгуулийн суман гэж бий. Үүнд шоронгийн хоригдол, бүх насаараа хоригдох ял авсан хүмүүсийг явуулдаг. Энэ бол байдаг л зүйл. Жишээ нь, Хятад Улс нэг улс руу дайрвал бас л ийм зүйл болно. Бидэнд өөрсөд дээр маань мэдрэгдээд эхлэхээр бүх зүйлийг тусгаж аваад байна.
Харин ОХУ-аас гадны цэргүүдийг элсүүлж авах дүрэм гаргасан. Дундад Азийн улсуудын иргэд ихэвчлэн Орос руу явж хөдөлмөрлөж, мөнгө олдог. Тэдгээрийн дундаас иргэншил хүссэн хүмүүс нь ОХУ-ын өмнөөс Украинд дайтах ёстой болж байгаа. Хэрэв Украинд дайтаад нэг жил болбол "автоматаар" Оросын иргэншил олгох журмууд гарсан.
Орос-Украин аль аль нь цэргийн хомстолд орох нөхцөл рүү орж байгаа. Дайн үргэлжилсээр байвал шинээр цэрэг авах нь зүй ёсны хэрэг.
"Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужууд бүгд Оросын мэдэлд орж байгаа"
-Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улс, түүнчлэн Херсон, Запорожье мужуудын эрх баригчид ОХУ-ын бүрэлдэхүүнд орох талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон. Энэ асуудал хэрхэх төлөвтэй байгаа вэ?
-Энэ сарын 23-27-ны хооронд Донецк болон Луганскийг хамарсан санал асуулга явагдана. Эдгээр улсууд Оросын мэдэлд орж байгаа. Үүний дараа Херсон, Запорожье мужууд бүгд Оросын нутаг болно.
Тэгэхээр эдгээр шинэ газруудыг хамгаалахын тулд ОХУ-д дахин нэмэлт хүч хэрэгтэй болсон. Тэдгээр нэмэлт хүч нь одоо яригдаж буй 300 мянган цэрэг гэж тайлбарлаад буй. Харин гол асуудал нь ОХУ-ын тайлбарласан шиг шинэ газар нутаг дээр 300 мянган цэрэг байх уу, эсвэл энэ нэрийдлээр галын шугам руу явуулах гэдгийг цаг хугацаа харуулна.
-ОХУ-ын иргэдэд манай улсын хил 30 хоногийн турш нээлттэй байх зохицуулалттай. Тийм ч учраас эдгээр иргэдэд ямар нэг хязгаарлалт тогтоохгүй гэдгийг ХЗДХЯ-наас мэдэгдээд байгаа. Харин гуравдагч улс ч юм уу бусад улсуудаас ямар нэг шахалт ирэх боломжтой юу?
-Боломжгүй. Хуулийн дагуу ОХУ-ын иргэд 30 хоногийн дотор буцах шаардлагатай болно. Эсвэл өөр тийшээ ниснэ. Хэрэв буцаж гарахгүй эсвэл зугтсан тохиолдол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Зарим нь энд оюутан болох, визний төрлөө өөрчлөх зэрэг янз бүрийн арга хэрэглэхийг үгүйсгэхгүй. Түүнээс биш Монгол Улсын хууль тогтоомж улсдаа хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хэрэв манай улс ОХУ-ын иргэдэд хязгаарлалт тогтоовол барууны орнуудын зүгээс зөв гэж үзэж магадгүй.
- Ярилцсанд баярлалаа.