Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж буй хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ одоог хүртэл станцын барилгын ажил хэвийн үргэлжилж буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан "Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл"-ийн зохицуулагч Ч.Гантулга дараах тодруулгыг өглөө.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц үргэлжилж байна уу. Таныг ч мөн чөлөөлсөн гэсэн асуудал яригдсан?
-Миний хувьд ажлаа хийгээд явж байгаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц үргэлжилж байна. Бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Нутгийн иргэдэд хууль, журмын дагуу мэдээллийг өгч ажиллаж байна. Тодруулбал, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гарсны дараа иргэдэд мэдээлэл өгдөг. Үүнийг хийж байгаа компани хоёроос гурван удаа уулзалт хийсэн бол төслийн зүгээс мөн дээрх тооны уулзалтыг хийсэн. Б.Тавинбэх сайд байхдаа биечлэн очиж иргэдтэй уулзан мэдээлэл өгч ажилласан байдаг. Одоо ч иргэдэд мэдээлэл өгсөөр байгаа.
Сүүлийн үед цахим орчноор болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийн эсэргүүцэл их байна, олон улсад эсэргүүцэж байна гэх зэрэг мэдээлэл явж байгаа. Иргэдийн зүгээс 100 хувь дэмжиж байгаа зүйл байхгүй. Тийм учраас бид үүн дээр сайтар анхаарч ажиллаж байгаа. Харин эсэргүүцэж байгаа цөөн тооны иргэдийн хувьд байр суурин дээрээ бат зогсож байна. Нүүхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд зохицуулалтууд хийгддэг. Үнэлгээнд сэтгэл ханамжгүй бол дахин үнэлгээ хийдэг, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол эцсийн үнэлгээг дагах зэрэг хууль тогтоомжууд бий.
Тиймээс Засгийн газар иргэдтэй ойлголцохын тулд иргэн бүрд нэг удаагийн нөхөн олговорт 15,2 сая төгрөг олгож байгаа. Таван ам бүлтэй өрх 70-80 сая төгрөг аваад түр газрыг чөлөөлөөд нуур үүссэний дараа нуурын эрэг дээрээ иргэн ирээд аж амьдралаа залгуулах боломжтой.
Үүнийг нийгмийн сүлжээгээр үндэслэлгүй хуурамч мэдээлэл тараасан хариуцлагагүй асуудал гарсан. Тиймээс үүн дээр холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах ёстой.
-Нийт хичнээн айлд нөхөн олговор олгох вэ?
-2021 оны байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр 270 өрхийн 1241 иргэн тооллогод хамрагдсан. Түүнээс гадна ахин айлуун нэмэгдэх магадлалтай байсан учир долоодугаар сард ахин тооллого явуулсан. Тиймээс нөлөөлөлд өртсөн өрхүүддээ яамнаас нөхөн олговрыг нь олгох асуудал яригдаад явж байна.
-Мэргэжлийн байгууллага яаж үнэлсэн бэ?
-Хөндлөнгийн, хараат бусаар судалгаа хийдэг компани үнэлгээ хийсэн. Тэгэхээр энэ байгууллагын хийсэн судалгааг тухайн аймаг орон нутагт танилцуулж, хэлэлцүүлж баталдаг хуультай. Үүний дагуу ажил хийгдсэн.
-Эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийсэн юм бол?
-Ан амьтан, байгаль орчин зэрэг дээр мэргэжлийн үнэлгээ хийгдсэн. Амьтдыг нүүлгэн шилжүүлэх асуудал огт байхгүй.
-Айл өрхүүдтэйгээ хэзээнээс гэрээ хийж эхлэх вэ?
-Гэрээг одооноос эхлээд хийж байна. Гэрээгээ баталчихсан байгаа. Засаг захиргаа, нэгжийн тухай хуулин дээр гэрээг байгуулж ажиллах субъект нь тухайн аймгийн засаг дарга байдаг. Тиймээс төсөл аймагтайгаа хамтран ажиллаж байна.