Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Ухаалаг утсанд донтсон хүүхдүүдийн ойрын зайн нүдний ачаалал хэт нэмэгдэж “цочмог хялар“ болох ЭРСДЭЛТЭЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 6 секунд

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн хараа муудах болон бусад төрлийн нүдний өвчлөл, эмгэгийн тохиолдол нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, нүдний эмнэлэг, хараа зүйн төвөөр үйлчлүүлэх бага насны хүүхдийн тоо нэмэгдэж байгаа гэдгийг албаныхан онцолж байна.

"Утасны хэрэглээ ихсэж донтолтын байдалд орсон хүүхдүүдийн ойрын зайн нүдний ачаалал хэт нэмэгдэж "цочмог хялар" болдог"

Хүүхдийн хараа муудах үндсэн шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар "Окулопластик" нүдний эмнэлгийн эмч н.Цэвэлмаатай ярилцлаа.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь хэдээс хэдэн насныхан байна вэ?

-Манай эмнэлгээр бүх насны хүүхэд үйлчлүүлдэг. Тэдгээрийн дотроос 6-12 насны хүүхдүүдийн эмнэлэгт хандах тохиолдол элбэг байна. Эдгээр хүүхдүүд хараа муутай гэдгээ анх удаа мэдээд ирдэг гэж болно. Хараа муутай хүүхдүүдийн ихэнх шалтгаан нь төрөлхийн өөрчлөлтөөс шалтгаалдаг.

Төрөлхийн хараа муутай хүүхэд эрүүл хүн яаж хардагийг мэддэггүй учир өөрийнхөө хараа муу байгаа зэргийг мэддэггүй. Харин сургуульд ороод буюу 6 болон түүнээс дээш насанд хүрэхээр самбарт бичсэн зүйлийг харахгүй байх зэрэг шинж тэмдгээр илэрдэг.

Мөн буруу байрлалд хардаг буюу зурагт үзэхдээ онийж харах, хазгай харах, толгойгоо ямар нэг байрлалд оруулж харах зэрэг нөлөөлдөг.

-Бага насны хүүхдүүдийн утасны хэрэглээ ихэссэн шүү дээ. Хяналтгүй дэлгэцийн хамаарлаас үүдэн хүүхдийн хараа муудах боломжтой юу. Таны хэлснээр хараа муутай хүүхдүүдийн ихэнх шалтгаан нь төрөлхийн өөрчлөлтөөс шалтгаалдаг гэсэн шүү дээ?

-40-өөс доош насны хүний ойрын хараа муудах ямар ч боломжгүй. Хүүхдийн хараа муу байсан ч утас үзэхэд ямар ч хүндрэл гарахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Холын хараа нь хасах, нэмэх гэж байдаг. Харин утасны хэрэглээ нь хасах шилэнд нөлөөлдөг. Учир нь ойрын зайн ачаалал хэтрүүлэн авах буюу ойроос утас үзэх нь хасах шилийг нэмэгдүүлэх буюу хараа муутгах гол хүчин зүйл болдог. Түүнээс биш эрүүл хараатай хүүхэд утас их үзсэнээс болж хараа мууддаг гэж шууд тодорхойлох боломжгүй. Төрөлхийн хараа муутай хүүхэд -2 хараатай анх оношлогдлоо гэж үзэхэд насанд хүрэх үед нь хараа -4,-5 болсон байх ёстой байтал ойрын зайн ачаалал хэтэрвэл /утас их үзвэл/ шил -10, -15 болно гэсэн үг.

Утасны хэрэглээ ихсэж донтолтын байдалд орсон хүүхдүүдийн ойрын зайн нүдний ачаалал хэт нэмэгдсэнээс болж "цочмог хялар" болдог.

Утас үзэх үед нүдний ойрын зайн булчингууд хэтэрхий чангарснаар цочмог хялар үүсэх эрсдэлтэй. Хамгийн сүүлийн судалгаагаар удаан хугацаагаар ухаалаг утас хэрэглэх нь цочмог хялар үүсгэх гол хүчин зүйл гэдгийг дүгнэсэн. Гэхдээ хараа муудсан урьтал шалтгааныг заавал тодорхойлох ёстой.

-Төрөлхийн хараа муутай хүүхдийг хэдэн настайд нь илрүүлэх боломжтой вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх шаардлагатай. Тодорхой хугацаанд хүүхдийн харааг заавал шалгуулах ёстой байдаг ч манай улсад харааны асуудалтай хүүхдүүд хожуу оношлогддог. Тухайлбал,

Дөнгөж төрсөн нярайд: Хэрэв дутуу төрсөн, нүдний эмгэг үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, удамшлын төрөлхийн гажиг байх боломжтой нярайд нүдний эмч үзлэг хийдэг. Бусад тохиолдолд өрхийн эмч эсвэл хүүхдийн эмч нүдний үндсэн үзлэгийг гүйцэтгэн, хянах боломжтой.

6 сартайд, 1 настайд: Өрхийн эмч, хүүхдийн эмч нүдний суурь үзлэгийг хийнэ. Энэ үед хүүхдийн харааны эрхтэн тодорхой хэмжээнд хөгжсөн байх ёстой. Хэрэв энэ шалгуурыг хангахгүй бол нүдний нарийн мэргэжлийн эмчид илгээн онош тодруулах шаардлагатай байдаг.

Сургуулийн өмнөх нас: Хүүхдийг 3 настайд нь нүдний харааг шалгаж, нүдний байрлал, угийн рефлексийг үнэлнэ. Харааны чадал буурсан эсвэл хялар илэрсэн тохиолдолд нүдний эмчид илгээх шаардлагатай байдаг.

Сургуулийн нас: Сургуульд орохын өмнө хүүхэд бүр хараа зүйн урьдчилан сэргийлэх үзлэгт орвол зохино. Харин үүнээс цаашид жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.

-Хүүхдийн хараа сурлагийн чанарт нөлөөлөх боломжтой юу?

Хараа сайн байх нь хүүхдийн эрүүл мэндийн нэг үзүүлэлт болохоос гадна сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.

Хараа алдахад нөлөөлөх тодорхой нүдний бүтцийн эмгэггүй (жишээлбэл: болор цайлт, торлогийн хавдар болон бусад төрөлхийн нүдний эмгэггүй) боловч нүдний хараа боловсорч хөгжих хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас харааны чадал буурахыг мохос хараа (amblyopia) гэдэг. Ихэвчлэн нэг нүдийг хамардаг ч ховор тохиолдолд 2 нүдэнд тохиолддог.

Хүүхдийн нэг нүд гадна орчноос ирж буй гэрлийн цочрол, дүрсийг нөгөө нүдтэй адил хэмжээнд тод хүлээн авахгүй бол мохос хараа үүсдэг. Нарийвчилбал тухайн хүүхэд 2 нүдээр дүрсийг ижил хэмжээнд хараагүйн улмаас тархинд 2 өөр цочрол очиж байгаатай холбоотой гэсэн үг.

Хэрвээ харааны энэхүү эмгэг байдал удаан хугацаанд үргэлжилбэл тархи зөвхөн илүү тод сайн харах нүднээс мэдээллийг хүлээн авч, нөгөө нүдний харааны хөгжил хоцроход хүргэнэ.

-Хараа эмчлэгдэх боломжтой юу?

-Тохирсон шилийг нь зүүлгэж, хялар, зовхи унжилтыг засаж нүдний тунгалаг орчны бүдэгшлийг эмчилсэн ч гэсэн мохос хараа хэвээр үлдэх тохиолдол байдаг. Хараа сэргэх эсэх нь тухайн хүүхэд хэр эрт оношлогдож, тохирсон арга хэмжээг зөв авснаас шууд шалтгаална. Мөн мохос хараа үүсгэсэн шалтгаанаас хамаарч хараа сэргэлт нь харилцан адилгүй байдаг.

Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Институтээс хийсэн судалгаагаар 14 наснаас өмнө амжиж арга хэмжээ авбал амблиопи их бага хэмжээгээр сэргэх боломжтой гэж үзсэн. Мөн эрт оношлогдож, тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авах тусам хараа сэргэлтийн түвшин өндөр тодорхойлогдсон байна. Иймд хүүхдээ эрт оношлуулбал мохос хараа бүрэн эмчлэгдэх боломжтой.

-Хараа зүйн төв буюу бидний хэлж сурснаар шилний газарт үйлчлүүлж шилж тааруулж зүүх нь эрсдэл дагуулдаг уу?

-Бага насны хүүхдийг заавал нүдний эмнэлэгт үзүүлж хараа муудсан шалтгааныг тогтоож, түүнд таарсан эмчилгээ хийлгэх ёстой. Хараа зүйн төвд оношлогдох боломжгүй хараа байдаг. Тухайн хүүхдийн хараа муу байгаа ч шил зүүх шаардлагагүй гэж үзэх тохиолдол бий. Учир нь бага насны хүүхдийн харааг шалгахын тулд нүдний булчин сулруулах эм дусаах шаардлагатай байдаг. Тиймээс шилний газрууд хүүхдийн үндсэн шилийг гаргаж ирж чадахгүй.

"ЕБС-ийн сурагчдын 15-20 хувь нь харааны шил зүүдэг"

"Монголын нүдний эмч нарын нийгэмлэг"-ийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн сурагчдын 15-20 хувь нь харааны шил зүүдэг гэх тооцоолол гарч байжээ.

"0-17 насны хүүхдүүдийн хараа муудсан 1757 тохиолдол илэрчээ"

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэгийн мэдээллээс харахад 2022.09.15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 210 мянга гаруй хүүхэд тус эрт илрүүлэх үзлэгт хамрагджээ. Ингэхэд 0-17 насны хүүхдүүдийн хараа муудсан 1757 тохиолдол илэрсэн байна. Энэ нь нийт хүүхдийн өвчлөлийн 2.1 хувийг эзэлж тэргүүлэх өвчлөлд багтжээ.

Иргэдийн зүгээс нүдний эмнэлгээс илүүтэйгээр хараа зүйн төвүүдэд хандаж шил тааруулах, зөвлөгөө авах тохиолдол элбэг ажиглагддаг. Харин мэргэжлийн эмчийн зөвлөж байгаагаар бага насны хүүхдийн харааг шалгахын тулд нүдний булчин сулруулах эм дусаах шаардлагатай байдаг аж. Тиймээс шилний газрууд хүүхдийн үндсэн шилийг гаргаж ирж чадахгүй байх үзэгдэл элбэг тохиолддог байна.

Иймд "Happy optical" хараа зүйн дэлгүүрээс дээрх асуудлыг тодрууллаа. Ингэхэд "Манай хараа зүйн төв 14-өөс дээш насны хүүхдүүдэд харааны шил тааруулдаг. Ер нь сургуулийн насны хүүхдүүд харааны шил хийлгэх нь ихэссэн. Харин 14-өөс доош насны эмнэлэгт үзүүлээд шил зүүсэн хүүхдүүд шилээ солиулах гэж ирвэл солиж өгдөг" гэв.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ харааг шалгуулахын тулд юуны өмнө мэргэжлийн эмчид хандаж, хараа муудсан үндсэн шалтгааныг тогтоож, түүндээ тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай аж.

Салсан эхнэрээ байнга дарамталж, гүн хямралд оруулсны улмаас эхнэр нь гэрээслэл бичиж, 16 давхраас үсэрч амиа хорложээ
Салсан эхнэрээ байнга дарамталж, гүн хямралд оруулсны улмаас эхнэр нь гэрээслэл бичиж, 16 давхраас үсэрч амиа хорложээ
 
Х.Ганхуяг: “Эрин“ сургуулийг төрийн өмчит болговол БГД-ийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно
Х.Ганхуяг: “Эрин“ сургуулийг төрийн өмчит болговол БГД-ийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.